Сирид 1000 орчим цэрэг үлдээхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-18 12:07:28

ВАШИНГТОН. /TASS/. Сири улсад 1000 орчим алба хаагчтай цэргийн анги үлдээх төлөвлөгөөг АНУ-ын Батлан хамгаалах яам боловсруулж байна.


Сирийн хойд нутагт аюулгүйн бүс байгуулах асуудлаар Турк болон Европ дахь холбоотнуудтай, мөн Америкийн дэмжиж буй Курдын бүлэглэлүүдтэй хийж буй хэлэлцээ сунжирсантай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ийм алхам төлөвлөж байж магадгүй гэж “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, “курдүүд руу довтолно гэж сүрдүүлж буй Турк улсын зүгээс аюул учирч байгаа хэдий ч” АНУ Курдын бүлэглэлүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаар төлөвлөж байна. Америкийн 1000 орчим цэрэг Сири улсын өмнөд болон хойд нутагт үлдэж магадгүй" гэж тус сонинд мэдээлжээ.


Одоогийн байдлаар Сирид АНУ-ын 2200-2500 цэрэг байрлаж байна. Цэргээ татах шийдвэр гаргаснаа Трамп өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд мэдэгдсэн билээ. АНУ-ын эрх баригчид 60-100 хоногийн дотор цэргээ татахаар төлөвлөж байв.


Америкийн Зэвсэгт хүчний Төв командлалын дарга, генерал Жозеф Вотел хоёрдугаар сарын 10-нд мэдээлэл хийхдээ, цэргүүдийг Сириэс татах ажиллагааг хэдэн долоо хоногийн дотор эхлүүлж магадгүй боловч шийдвэр бодит нөхцөл байдлаас шалтгаална гэж мэдэгджээ. 


Тус тус 200 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цэргийн хоёр ангийг Сирид үлдээж, Иордан улстай залгаа хилийн бүсийн ойролцоо байгуулах гэж байгаа Эт-Танф аюулгүйн бүсэд, мөн Сирийн зүүн хойд нутагт байрлуулахаар төлөвлөж байна гэж АНУ-ын засаг захиргааны албаны хүмүүс хоёрдугаар сарын эцсээр мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ