Берингийн тэнгисийн дээр солир асар хүчтэй дэлбэрснийг бүртгэжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-03-19 14:42:17

МОСКВА. /RIA Novosti/. Өнгөрсөн оны 12 дугаар сард Берингийн тэнгисийн дээр солир асар хүчтэй дэлбэрчээ. Дэлбэрэлтийн хүч Хирошима дээр хаясан 10 бөмбөгийнхтэй тэнцэхээр байсан тухай "Sky News" суваг НАСА агентлагийн мэдээллээс иш татан уламжлав.


Солир 12 дугаар сарын 18-нд орон нутгийн цагаар үд дунд орчимд дэлбэрсэн байна. Хэдэн метрийн хэмжээтэй сансрын биет секундэд 32 км-ын хурдтайгаар агаар мандалд нэвтэрч, дэлхийн гадаргуугаас дээш 25.6 км-т дэлбэрч, 173 килотоннтэй тэнцэх эрчим хүч ялгаруулсан байна. Хирошима дээр хаясан цөмийн бөмбөгийнхөөс 10 дахин хүчтэй дэлбэрэлтийг Америкийн цэргийн хиймэл дагуулууд бүртгэж авчээ. Энэ нь сүүлийн 30 жилд болсон дэлбэрэлтүүдээс 2013 онд Челябинскт унасан солирын дараа хоёрдугаарт орох хүчтэй дэлбэрэлт болсон гэж судлаачид дүгнэж байгаа аж.


Ийм үзэгдлийг 100 жилд ердөө хэдхэн удаа ажиглах боломжтой, дэлхий дээрх их хэмжээний ус манай гарагийг ийм үзэгдлээс хамгаалж байдаг гэж НАСА агентлагийн ажилтан Линдли Жонсон ярьжээ. Галт бөмбөлөг зорчигч тээврийн нисэх онгоцууд Хойд Америк болон Азийн орнуудын хооронд нислэг үйлддэг чиглэлээс холгүй дэлбэрсэн учир судлаачид дэлбэрэлтийг нүдээр харсан хүн байгаа эсэх талаар агаарын тээврийн компаниудаас асууж лавлаж байгаа аж.

Холбоотой мэдээ