“Уяачид дуулж байна” уралдааныг сумандаа анх удаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-19 17:40:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сумын Соёлын төвөөс "Уяачид дуулж байна" уралдааныг сумандаа анх удаа зохион байгуулж, 13 уяач, малчин залуус оролцон авьяас чадвараараа өрсөлджээ.

Тус сум 1924 онд анх байгуулагдаж, энэ жил  95 жилийн ой нь тохиож байгаа бөгөөд ойн энэ баяр нь тус сум түмэн адуутай болсон баярт үйл явдалтай давхцаж, “Түмэн адууны баяр”-аа ирэх 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Тиймээс Тус сумынхан энэхүү баярт үйл явдлыг угтан уяачдынхаа дунд "Уяачид дуулж байна" уралдаанаа ийнхүү зохион байгуулсан байна.

Уралдаанд оролцогчид эхний үе шатанд өөрийнхөө урын санд байдаг хамгийн сайн дуулж чадах дуугаараа оролцсон бол 2 дугаар үе шатанд хөгжимгүй дуулж, өөрийн чадвараа харуулсан ажээ.

Уралдааны тэргүүн байрыг нэгдүгээр багийн залуу уяач С.Энх -Амгалан, 2-р байрыг хоёрдугаар багийн залуу уяач Б.Балжинням, 3-р байрыг нэгдүгээр багийн залуу уяач Ч.Зоригтбаатар нар, тусгай байрыг хоёрдугаар багийн залуу уяач М.Бямбадорж, Э.Тогтуунбаяр нар тус тус эзэлж үзэгч олны талархал хүлээсэн байна.

Уралдааны үеэр хамгийн ахмад настай оролцогч сумын ахмад уяач С.Мөнхбатад мөн хүндэтгэл үзүүлсэн.

Тус уралдааныг аймгийн аварга малчин Л.Энхтайваны гэр бүл ивээн тэтгэж, шүүгчээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Д.Нямжаргал, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн багш Ч.Мөнхбаяр, дуучин Хишигбат нар ажиллажээ. 

Холбоотой мэдээ