Төвийн гурван аймаг бэлчээрийн усаар дутагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-19 17:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн мэдээллээр баруун аймгуудад битүү цастай байгаа бол төвийн аймгуудад цас багатай, бэлчээрийн усаар дутагдаж байна. 

Тодруулбал, төвийн бүсийн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт мал усаар гачигдаж байгаа учир бэлчээрийн усан хангамжийг сайжруулахын тулд худаг, уст цэг завсарлах, шинээр гаргахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх саналыг Улсын онцгой комисст уламжилжээ. Тухайлбал, Орхон аймагт усан хангамжийг нэмэгдүүлэхийг анхаарч, энэ оны эхний хагас жилд Жаргалант суманд худаг гаргахад шаардагдах 20 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүсээд байна.

ХХААХҮЯ дээрх хүсэлтийг нааштайгаар шийдэхийн тулд холбогдох зардлыг салбарын сайдын багцаас гаргахаар болоод байна. Нөгөөтэйгүүр хаврын улиралд хуурайшилт ихтэй үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд тодорхой арга хэмжээ аван ажиллаж байгааг аймгийн Онцгой комиссын хурлын үеэр шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд танилцуулав. 


ХХХАҮЯ-ны мэдээгээр, улсын хэмжээнд одоогоор 683 мянган мал төллөж, 661.2 мянган төл бойжиж байна. Орхон аймагт энэ сарын эхний байдлаар нийт төллөх малын 0.7 хувь төллөөд байгаа бол Сэлэнгэ аймагт 14756 толгой мал төллөж, 14752 төл бойжиж байна. 

Холбоотой мэдээ