Mongolia Mining-2019: Хариуцлагатай уул уурхай тогтвортой хөгжлийн үндэс

Монголын мэдээ | Эдийн Засаг
selenge.t@montsame.gov.mn
2019-03-20 14:44:00

Улаанбаатар /Mongolian Mining Journal/. Эрдэс баялгийн салбар сэргэлттэй, түүнийг даган уул уурхайн компаниуд идэвхжсэн энэ цаг үед “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.


Дэлхийн технологи, тэр дундаа уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нэвтрүүлж, дотоодын хэрэглэгчдэд ойртуулах зорилттой уг үзэсгэлэнгийн арга хэмжээ энэ жил “Хариуцлагатай уул уурхай” сэдвийг онцолжээ. Үзэсгэлэнг угтуулан оролцогч компаниуд, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага болоод арга хэмжээний бэлтгэл ажлын талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцсан юм.

 

-Энэ жилийн “Mongolia Mining 2019” үзэсгэлэн ямар уриатайгаар зохион байгуулагдаж, гол сэдвээр юуг онцлох вэ?
-Өмнөх жилүүдийн үзэсгэлэнгээр алт, нүүрс, зэс гэх зэрэг тодорхой эрдэс баялгийг олборлолтыг тухайн жилийн онцлох сэдэв болгон ажиллаж байлаа. Энэ жилийн хувьд хариуцлагатай уул уурхайг дэмжин, “Хариуцлагатай уул уурхай – Тогтвортой хөгжил” гэсэн, уриатайгаар зохион байгуулагдана.  Байгаль орчны нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлага, аюулгүй ажиллагаа, орон нутгийн хөгжил, дотоодын бизнесийн байгууллагуудын оролцооны асуудлууд бүгд хамаарна.

Хариуцлагатай уул уурхайн асуудал Монголын эрдэс баялгийн салбарт амин чухал асуудал, тогтвортой хөгжлийн  үндэс. Хариуцлагатай уул уурхайн үлгэр жишээ болсон уул уурхайн томоохон компаниуд бий. Нийгмийн хүлээлт шаардлага ч өндөр. Гэхдээ үүнийг гадаадын хөрөнгө оруулалттай цөөн уурхайгаас нэхээд дотоодын олон жижиг уул уурхайн үйл ажиллагаанд анхаардаггүй байдал нийтлэг. Саяхны нэг жишээ, Төв аймаг дахь алтны уурхайд аймшигтай осол гарлаа. Хариуцлагатай уул уурхайн нэг хэсэг аюулгүй ажиллагааны норм стандартыг биелүүлээгүй, мөрдөөгүйн нэг жишээ шүү дээ.

“Mongolia Mining” үзэсгэлэнгийн үндсэн арга хэмжээ бол компаниуд болон оролцогч улс орнууд өөрийн гэсэн павильонтой оролцож бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна үзэсгэлэнгийн үеэр болох бусад арга хэмжээнээс бүрддэг. Үзэсгэлэнгийн үеэр дараах гурван төрлийн эвент зохион байгуулагддаг. Нэгдүгээрт, үзэсгэлэнд оролцогчдын илтгэл.

Индэр ашиглаж илтгэл тавих хэлбэрээр явагдах сурталчилгаанаас гадна гадаа талбайд бүтээгдэхүүний ажиллагааг танилцуулах, ур чадварын уралдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Түүнчлэн “Оюутолгой”, “Эрдэнэт”, зэрэг томоохон уул уурхайн компаниуд худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хийнэ. Хоёрдугаарт, үзэсгэлэнгийн оролцогчдын бас нэг идэвхтэй оролцдог арга хэмжээ бол бодлогын форум байдаг.

Салбарын бодлогыг хэрэгжүүлэгч Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ), Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) төлөөлөл эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого, хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилт, хөтөлбөрүүдийг танилцуулж ирсэн. Энэ арга хэмжээнд үзэсгэлэнгийн оролцогчдоос гадна, манай хүндэт зочид, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдын төлөөлөгчид, уул уурхайн томоохон компанийн удирдлага уригдан оролцдог.
Өнөө жил үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн асуудлаар форум хийгдэнэ. Гуравдугаарт, үзэсгэлэнгийн үйл ажиллагааны хаалт буюу үр дүнг дүгнэн,  оролцогчдыг хооронд нь уулзуулж, чөлөөтэй  ярилцаж, харилцаа тогтоох боломж олгодог хүлээн авалтын арга хэмжээ уламжлал боллоо. 
 
Уул уурхайн салбар бол ажиллагсдаас мэргэжлийн өндөр ур чадвар, хариуцлага шаарддаг салбар. Тийм учраас машин механизмын операторуудын мэргэжлийн ур чадварыг сорьсон, сурталчилсан тэмцээнийг үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм.

-Үзэсгэлэнгийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ? Оролцогч компаниудын тоо энэ жил нэмэгдсэн үү?
-“Mongolia Mining 2019” үзэсгэлэн уламжлал ёсоор дөрөвдүгээр сард зохион байгуулах гэж байна. Дөрөвдүгээр эхний долоон хоногт хийгддэг үзэсгэлэнгийн маань нээлтийн үеэр сүүлийн гурван жил дараалаад цасан шуургатай байсан. Тиймээс энэ жил дөрөвдүгээр сарын дундуур буюу 10-12-нд хийхээр товлоод байгаа.

Дэлхий дахины уул уурхайн хурдацтай хөгжил, Монголын эрдэс баялгийн бүтээгдэхүүний эрэлтийн өсөлтийг дагаад бүтээгдэхүүн, үйлчилгээ ч хувьсан шинэчлэгдэж, тэр хэрээр хэрэглэгчдийн шаардлага, эрэлт хэрэгцээ өндөр болж байна. Өнгөцхөн харахад ижил төстэй техник, тоног төхөөрөмж мэт боловч тэр бүх бүтээгдэхүүний онцлог, давуу талыг үзэсгэлэнгээс нэг дор харьцуулах өргөн сонголтыг хэрэглэгчдэд олгох ач холбогдолтой.

Тиймдээ ч үзэсгэлэнд оролцогч, зорин ирэх зочдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Үзэсгэлэн жил бүр өргөжиж ирсэн ч зохион явуулдаг Буянт-Ухаа цогцолборын байгууламж, талбайн багтаамжийн хязгаараас шалтгаалан тодорхой тоонд баригддаг. Сүүлийн таван жил ойролцоогоор 120-130 орчим компани үзэсгэлэнд тогтмол оролцож ирлээ. Энэ жил үзэсгэлэнгийн гадна талбайд нэмэлт өргөтгөл хийж байна. Тодруулбал, 700 кв.метр бүхий майхан байрлуулан 40 компани бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг бүрдүүлж байна.

Ингээд “Mongolia Mining 2019” үзэсгэлэнд оролцох компаниудын тоо нэмэгдэж 170 орчим болж байна.  Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан зэрэг дэлхийн 20 гаруй орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцоно. Шинэ компаниуд ч олон бий. Өмнө нь үзэсгэлэнг ирж сонирхож байсан компаниуд энэ жил павильонтой оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Эндээс уул уурхайн салбар сэргэсэн нь анзаарагдаж буй.

-Мэдээж томоохон арга хэмжээг зохион байгуулахад хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг, ивээн тэтгэгчдийн оролцоо тун чухал. Энэ удаагийн үзэсгэлэнгийн дэмжигч, ивээн тэтгэгч болоод шинэ спонсор компаниудыг танилцуулахгүй юу?
-УУХҮЯ, АМГТГ болоод Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. “Mongolia Mining 2019” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Komatsu брэндийн албан ёсны дистрибьютор “Трансвест Монголиа” ХХК, алтан ивээн тэтгэгчээр Үндэсний бүтээн байгуулагч “Цбон” ХХК болон ЦГН ХХК, үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр  Үндэсний бүтээн байгуулагч “Хера Экупмент” ХХК болон АОДЭ ХХК зэрэг ажиллаж байна. Манай үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад ивээн тэтгэгч компаниуд маань онцгой үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

-“Mongolia Mining”  үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч “Майнекс Монголиа” компанийн сүүлийн үед хийгдэж байгаа ажлуудаас сонирхуулбал?
-Дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, уул уурхайн чиглэлийн компаниудад Монголын ашигт малтмал, газрын тосны салбарыг танилцуулах, сурталчлах, эргээд “Mongolian Mining” үзэсгэлэнг маань дэмжих, оролцогчдод төрийн бодлого, зорилт, төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг танилцуулах чиглэлээр АМГТГ-тай хамтран ажиллах санамж бичгийг энэ онд байгууллаа.

“Майнекс Монголиа” компани үзэсгэлэнгийн арга хэмжээнээс гадна 2014 онд “Oil and Oil shale Mongolia” олон улсын газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын чуулганыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү хурлыг хоёр жилд нэг удаа зохион явуулахаар тогтсон боловч 2016 онд УИХ-ын ээлжит сонгуулийн жил таарч боломж бүрдээгүй. Монгол Улсын хувьд ач холбогдолтой гэдэг талаасаа “Oil and Oil shale Mongolia” хурлыг дахин сэргээж, АМГТГ-тай хамтран хийхээр бид ярилцаж байна.

-Дэлхийн уул уурхайн хуанлид “Mongolia Mining” үзэсгэлэнгийн тов зарлагдаж, олон улсын чанартай арга хэмжээний хувьд гадаад, дотоодын компаниудыг оролцуулах маркетинг бүтэн жилийн турш хийгддэг. Монголын уул уурхайн салбар, зах зээлийг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчид, компаниудын хандлага Танд хэрхэн анзаарагдаж байв?
-Гадаад, дотоодын компаниудын оролцох тоо жил ирэх тусам нэмэгдсээр “Mongolia Mining” үзэсгэлэн салбарынхныг нэг дор цуглуулах, хооронд нь уулзуулж, шинээр харилцаа холбоо, хамтын ажиллагаа тогтоох уул уурхайн салбарын гол талбар болжээ. Үзэсгэлэнд оролцохоор сонирхож ирж байгаа гадаадын зарим компаниудын төлөөлөгчидтэй уулзаж байхад, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар болгоомжилж байгаа байдал анзаарагдсан.

Тэд “Монголын улс төрчид эдийн засгийн хөгжлийн нийтлэг бодлого ярихгүй юм. Жишээ нь, салбарын хөрөнгө оруулалт, ажлын байрны нэмэгдэл, тогтвортой хөгжлийн талаар төрөөс ямар бодлого явуулах талаар мэдээлэл бага байна. Харин зарим “идэвхтэй” улс төрчдийн хэвлэл мэдээллээр хэлж ярьж байгаа зүйлээс үзэхэд Монгол Улс нь Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн 2-3-хан уурхайтай ч юм шиг, хувийн хэвшил эрсдэл хүлээгээд хөрөнгө оруулалт хийсэн уурхайнуудыг төрийн мэдэлд авах гээд байгаа ч юм шиг ойлгогдохоор зүйл ярьж байгаа нь хөрөнгө оруулагчдыг эмээхэд хүргэж байна” гэж ярьж байгааг бодууштай.

-Танд баярлалаа.  
Эх сурвалж: Mongolian Mining Journal
Холбоотой мэдээ