Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмыг нийтлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаар гарчээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ. Уг зарлигаар Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Булгаагийн Алтангэрэлийг эгүүлэн татаж, түүний оронд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёндонгийн Отгонбаярыг томилсон байна.
Мөн дугаарт Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 357, 362, 374 дүгээр тогтоолууд, Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журамд орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зээлд хамрагдах хүсэлтэй иргэнийг мэдээллээр хангах юм. Ингэхдээ нийтийн зориулалттай болон амины орон сууцны мэдээлэл, амины орон сууцны нэг маягийн зураг төсөл, цомог, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг агуулсан цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэхээр тусгасан байна. Орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах, иргэнд тавих шаардлага, зээлийн санхүүжилттэй холбоотой бүхий л мэдээллийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой юм.
Засгийн газрын 357 дугаар тогтоолоор “Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журам”-ыг, 362 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нөхөх олговор, тусламж олгох журам”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид замын зардал олгох журам”-ыг баталсан юм. Харин 374 дүгээр тогтоолоор “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг баталсан байна.