Алтны татварыг 2023 он хүртэл 2.5 хувиар тогтоох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-20 16:33:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж. Иймд ашигт хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан юм. Түүнчлэн уг хуулийн “Монголбанк, арилжааны банканд худалдсан алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байна” гэсэн заалт энэ оны 01 дүгээр сарын 01-нд дууссан юм. 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү заалтын үр дүнд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өссөн байна. Тиймээс уг заалтыг 2023 он хүртэл сунган хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун алтны нөөц ашигласны төлбөрийг 5 хувиар тогтоох хэрэгтэй гэдгийг хэллээ.

Алтны нөөц ашигласны төлбөр өндөр байснаар хууль бус наймаа газар авах эрсдэлтэй гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тайлбарласан юм. Цаашдаа алт олборлолт, борлуулалтад тавих хяналтыг сайжруулсны дараа татварын хэмжээг нэмэх асуудлыг хөндөх нь зөв гэлээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа, 2019 он гарснаас хойш Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс хэдэн хувиар буурсныг тодрууллаа.

Өнгөрсөн оны эхний гурван сард Монголбанк 1.7 тонн алт худалдан авсан бол 2019 он гарснаас хойш ердөө 336 кг-ыг авсан байна. Энэ нь алтны татварыг 2.5 хувиар тогтоосон хуулийн хэрэгжих хугацаа дууссантай холбоотой гэдгийг Монолбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов.

Харин Н.Амарзаяа гишүүн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгчид жилд хэдэн тонн алт олборлож байгааг тодрууллаа. Тэрбээр, “Монгол Улсад бичил уурхай эрхлэгчдийн олон холбоо бий. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ч бичил уурхай эрхэлж буй хүмүүс бий. Тэгэхээр бид хуулийн дагуу ажиллаж байгаа бичил уурхайчдыг дэмжих, хууль зөрчиж байгаад нь хариуцлага тооцдог болох хэрэгтэй” гэлээ.

Монгол улсад нийт 1100 бичил уурхай эрхлэгч бүртгэлтэй байгааг бөгөөд нийт алтны 60 хувийг олборлож байгааг ажлын багийн гишүүд хэллээ.

Ингээд санал хураахад нийт гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Холбоотой мэдээ