Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулав

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-03-21 15:26:31

НЬЮ-ЙОРК. /TASS/. Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдцын талаарх урьдчилсан таамгаа 3.1 хувиас 2.8 хувь, 2020 оныхыг 2.9 хувиас 2.8 хувь болгож бууруулсан байна. Энэ тухай тус агентлагийн мэдээлэлд дурджээ.


“Хөгжиж буй зах зээлүүдийн эрэлт хэрэгцээ сул байгаа нь дэлхийн аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон дэлхийн худалдааны өсөлтийн хурдцыг сааруулах гол хүчин зүйл болж байна” гэж “Fitch” агентлагийн шинжээчид үзэж байгаа аж.


Үүний сацуу, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болох урьдчилсан нөхцөл ажиглагдахгүй байгааг шинжээчид онцлон тэмдэглэжээ. АНУ-ын эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, Еврогийн бүсийн хэд хэдэн асуудал удахгүй шийдэгдэх гэж байгаа, мөн Хятадын татварын хөнгөлөлтийн бодлого болон банкны нөөцөд тавигдах шаардлага багассан зэргийг шинжээчид эерэг хүчин зүйлүүдийн хувиар нэрлэж байна.


Холбоотой мэдээ