Мал аж ахуйн салбарт залуу боловсон хүчин дутмаг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-21 22:58:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн мал эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Баруун-Урт суманд боллоо. Зөвлөгөөнд төр болон хувийн хэвшилд ажиллаж буй малын эмч, мэргэжилтнүүд, МЭЕГ-ын хэлтэс албадын дарга, холбогдох мэргэжилтнүүд, аймгийн удирдлагууд гээд 150 гаруй хүн оролцов.

Зөвлөгөөнөөр яригдсан гол асуудал нь мал аж ахуйн салбарт хүний нөөц хангалтгүй, залуу боловсон хүчин дутмаг байгааг хэллээ. Тус аймгийн хэмжээнд нийт 120 гаруй малын эмч, мэргэжилтэн байгаагийн 56 хувь нь хувийн хэвшилд, мөн талаас илүү хувь нь 45-65 насныхан байгаа юм.

“2019 оноос бүх суманд тархвар зүйч эмч шинээр томилогдож байгаа.  Гэтэл гурван сум нь огт эмчгүй байна. Тиймээс энэ салбарт залуу боловсон хүчин бэлтгэж гаргах зайлшгүй шаардлагатай байна. Бид өнгөрсөн онд малын гоц халдварт болон халдварт өвчнийг бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зөв оновчтой аргаар зохион байгуулснаар үр дүнд хүрч чадсан. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг малчны хотноос малын бэлчээр хүртэл хийдэг болъё гэсэн зорилтыг дэвшүүлэн, улмаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр сая 675 метр квадрат талбайд, хоёр сая 45 мянган малыг угаалгад хамруулсан.  Үүний үр дүнд гоц халдварт өвчнийг 86,4 хувиар бууруулсан амжилтыг өнгөрсөн онд гаргасан. Энэ онд дээрх амжилтаа бататгаж, малаа бүрэн эрүүлжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тиймээс бидэнд чадварлаг боловсон хүчин нэн шаардлагатай” гэж аймгийн Мал эмнэлгийн газрын дарга М.Молорчимэг хэллээ.

Харин аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэхдээ, Сүхбаатар аймаг малын гоц халдварт өвчний голомттой аймаг. Үүнээсээ болоод зах зээл дээр хамгийн өндөр үнэд хүрдэг мал мах, түүхий эдээ хангалттай хэмжээнд борлуулж чаддаггүй. Экспортод гаргах асуудал ч хаалттай байдаг. Тиймээс цаашид малаа эрүүлжүүлэх ажлыг бодлогоор зохион байгуулж, хөрөнгө мөнгийг ч зарцуулах ёстой. Энэ тал дээр цаашид онцгойлон анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд, салбартаа амжилт гаргасан зарим эмч, мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулав.

Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор малчдын хүлээх үүрэг хариуцлага өндөр болсон. Үүнийгээ дагаад малчид үүргээ ухамсарлаж малаа эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд маш идэвхтэй оролцож, мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг маш сайн дэмжиж, хамтран ажилладаг болсон гэдгийг албаныхан онцолж байсан юм.

Аймгийн мал эмнэлгийн газраас 2019 онд эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, хөрш зэргэлдээх оронтой нөхөрсөг харилцаа тогтоож харилцан туршлага судлах гээд олон ажлыг төлөвлөгөөндөө тусгажээ.

 

Холбоотой мэдээ