Сурагчид эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-21 22:50:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран Баруун-Урт сумын гуравдугаар бүрэн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдаас эмч мэргэжлээр сурах сонирхолтой сурагчдыг нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцууллаа. 

Дөрөв хоног үргэжилсэн танилцах аялалд тус сургуулийн 31 сурагч хамарч, аймгийн нэгдсэн эмнэлгийн бүх тасгийн үйл ажиллагаа болоод халагааны үйл явцтай танилцав.

Танилцах аяллын сүүлийн өдөр сурагчид  Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Батмөнх болон аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, эмч нарын төлөөлөл, ахмад сувилагчидтай уулзалт хийж, халуун дотно яриа өрнүүлэн, эмч мэргэжлийн онцлог, энэ мэргэжлийн жаргал зовлонгийн талаар нээлттэй ярилцжээ. Сурагчид ч өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлсэн  юм.


11А ангийн сурагч Ж.Уянга

Эмнэлэг гэхээр л өдвөж зовсон хүмүүсээр дүүрсэн, хүйтэн уур амьсгалтай газар байдаг гэж боддог байсан надад энэ удаагийн танилцах аялал үнэхээр их мэдээлэл өгсөн, үр дүнтэй ажил боллоо. Миний бодол 100 хувь өөрчлөгдсөн. Би аймгийнхаа эмч нар шиг мундаг эмч болохыг хүсэж байна. Түүнийхээ төлөө хичээх болно. Намайг болон найзуудыг маань эелдэг найрсгаар хүлээн авч, маш их мэдээлэл өгсөн эмч нартаа баярлалаа.


11А ангийн сурагч С.Цолмончимэг

Амьдралын минь анхны алхам

Алдрай жаахан насны минь мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхам ойртуулсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар болон энэхүү танилцах аяллыг зохион байгуулсан аймгийн ХХҮГ, сургууийнхаа захиргааны хамт олонд талархал илэрхийлье. Эмнэлгийн бүхий л үйл ажиллагаатай танилцаж, тэр ч бүү хэл хүүхэд төрөхийг харж эмч нарын мэргэжлийнхээ аз жаргалаас мэдэрдэг тэр мэдрэмжийг өөрийн биеэр үзсэндээ үнэхээр их баяртай байна. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрийгөө үл хайхран зүтгэдэг эмч нараараа бахархах сэтгэл ахин дахин төрлөө. Би энэ мэргэжлийг сонгох гэж байгаадаа баяртай, бас бахдалтай байна гэв.

 

Холбоотой мэдээ