Гамшгаас хамгаалах дадлага сургуулийг орон нутагтаа дахин хийхийг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-21 23:41:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуульд Сүхбаатар аймгийн мэргэжлийн анги албад бүрэн жагслаа. Гэсэн хэдий ч зарим байгууллагын дарга удирлагууд болон албан хаагчдын ирц хангалтгүй байсан тул аймгийн хэмжээнд дахин дадлага сургууль хийхийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар үүрэг болгов.  

Аймгийн Засаг дарга хэлэхдээ, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр ирж, улсын хэмжээнд хуурайшилт ихтэй байгаа учир гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийхийг үүрэг болгосон. Гэтэл бид дадлага сургуульд ийм идэвхгүй, сул оролцож болохгүй. Бид ямар ч үед бэлэн байх ёстой. Мөн өнгөрсөн жил гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутагтаа 10 гаруй жилийн дараа зохион байгуулж, онц үнэлэгдсэн. Гэтэл үүнийгээ хамгаалж чадахгүй байна.

Манай аймаг түймрийн эрсдэл өндөртэй аймаг. Гэнэтийн аюулд бид яах вэ, хэр бэлэн байна вэ гэдгээ шалгаж байгаа. Миний хувьд энэ удаагийн шалгалтыг хангалтгүй гэж үзэж байна. Тиймээс аймгийн Засаг даргын захирамж гаргаж, дахин гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 100 хувийн ирцтэй явуулахыг аймгийн Онцгой байдлыг газарт үүрэг болгож байна. Шаардлагатай гэвэл оройн цагаар цуглуулж, цагийн байдал дээр ажиллуулж ч болно гэлээ.

Мөн тэрээр, энэ өдрийн дадлага сургуульд оролцоогүй ААНБ-ын дарга удирдлагууд болон алба хаагчдын нэрсийн жагсаалтыг нарийн гаргаж, танилцуулахыг давхар үүрэг болгосон юм.


Харин аймгийн ОБГ-ын орлогч дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад, аймгийн төвийн мэргэжлийн анги албад бүрэн жагссан ч ирц төдийлөн хангалттай бус байна. 12 сум болон аймгийн төвийн багууд дээр иргэд, албан байгууллагын ажилчид гамшгаас хамгаалах дадлага сургуульд хангалттай ирцтэй, сайн оролцсон гэсэн мэдээлэл ирээд байна гэв.  

Холбоотой мэдээ