Х.Гуайдогийн туслахыг даруй суллахыг уриалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-22 14:31:25

МОСКВА. /TASS/. Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн ажлийн албаны дарга Роберто Маррерог даруй суллахыг Европын Холбоо /ЕХ/ Венесуэлийн эрх баригчдад уриалжээ. Энэ тухай ЕХ-ны Гадаад бодлогын албаны төлөөлөгч Майи Косьянчич мэдэгдсэн байна. 


“ЕХ Маррерог нөхцөл болзолгүйгээр, даруй суллахыг уриалж байгаа бөгөөд түүний аюулгүй, халдашгүй байдалд халдсаныхаа төлөө зохих байгууллагууд хариуцлага хүлээхийг шаардаж байна.  Аль ч нөхцөлд Үндэсний ассамблейн гишүүдийн халдашгүй дархан байдлыг хүндлэх ёстой. Сүрдүүлгэд өртөлгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх боломжийг парламентын гишүүдэд олгох ёстой” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


Венесуэлийн тусгай албаны агентууд Р.Марреро болон Венесуэлийн сөрөг хүчний депутат Серхио Вергара нарын гэрт нэгжлэг хийсний дараа, тэднийг баривчлан саатуулсан тухай Х.Гуайдо өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн байна. Хожим нь гэрт нь нэгжлэг хийсэн хэдий ч өөрийг нь баривчлан саатуулаагүй бөгөөд Р.Маррерог баривчилсан тухай С.Вергара “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ