Д.Рэгдэл: Англид хашааны цэцэрлэгээ хувингаар усалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-03-22 14:59:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр ШУА, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран “Уур амьсгалын өөрчлөлт-усны менежмент” хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ “Усны талаар яриад байвал дуусахгүй. Ярихгүй байвал нэг хэсэгтээ чимээгүй яваад л байхаар шинжтэй. Гэвч энэ бол нийтээрээ яах аргагүй анхаарч хөндөх том асуудал болоод байна. ЮНЕСКО-гоос “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх болсон нь хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа томоохон, хүнд асуудлын нэг нь ус болоод байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Гол нь ядаж энэ өдөр хүн төрөлхтний тодорхой хэсэг усны талаар хэлэлцэж, ярьдаг болоосой гэсэн зорилго болов уу” гэдгийг тодотгож байв.

Тэрээр, “Хэлэлцүүлэг, хурал бүрээс зөвлөмж гаргадаг. Миний бодлоор зөвлөмжөөс илүүтэй монголчуудын анхаарлыг ус гэдэг үнэт эрдэнийг олон нийт анхаарч хүлээн авахад нөлөөлөхөөр хэлц үг гаргаж тавьбал хүмүүст илүү хүрэх болов уу гэж боддог. Монголчууд эрт дээр үеэс усыг “Чандмань эрдэнэ” гээд нэрлэсэн нь усны ач холбогдлыг үнэлж ирснийх. Дэлхий дээр хамгийн товч тодорхой илэрхийлэл үүнээс өөр байхгүй биз” гэж байв.



Англичууд 2012 оноос хашааны цэцэрлэгээ хувингаар усалдаг болоод байхад Монголд усыг дураараа гоожуулж, гудамжинд машинаа угааж байна. 


Монгол орны хувьд сүүлийн үед, хот суурин газрын иргэд усанд туйлын гамгүй хандаж байна. Жилд 150-200 мм хур тундас ордог, гадаргын усны нөөц багатай газар нутагт амьдарч буй бид крантаа нээгээд л усыг дураараа гоожуулж, гудамжинд машинаа угааж байна. Гэтэл Англид 2012 оноос хойш гэрийнхээ хашааны цэцэрлэгийг хувингаар усалдаг болгосон. Хамаа намаагүй шүршиж цацаж услахыг зөвшөөрөхөө больсон. Тиймээс бидний өнөөдрийн хийж буй энэ хурал монголчуудын усанд хандах хандлагад тодорхой хэмжээгээр нөлөөлөөсэй гэж хүсэж байна” гэсэн юм.

Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, тус зөвлөл ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсны хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлэг болж буйг онцлоод, “Усны салбарын байгууллагууд өмнө нь бие даасан эрдэм шинжилгээний байгууллага-институцтэй байсан ч цагийн эрхээр хариуцах газаргүй болж байсан. Гэсэн хэдий ч бид одоо чанарын тусгай лабораторитой, шинжилгээ судалгааны байгууллагатай, ШУА-тай хамтран ажиллах болж байна” гэж байв.

Тэрээр мөн усны үнэ цэнэ, ач холбогдлын талаар хэлэхдээ, “Өнөөдөр дэлхийн хэмжээнд тухайн нутаг орноо оршин сууж буй иргэд улстөр, шашин хоорондын мөргөлдөөн, дайн дажнаас дайжин эх орноосоо дүрвэдэг байсан бол одоо хүмүүс төрж өссөн бүс нутагтаа усны хомсдолоос үүдэн амьдрах аргагүй болж шилжин суурьшиж буй” жишээг татан хэлж байв. Олон улсын байгууллагын мэдээллээр, ойрын ирээдүйд 800 сая хүн зөвхөн усны гачигдлаас болж өөр газар шилжин суухаар байгаа аж.

Хэлэлцүүлэгт ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор Ч.Жавзан “Монгол орны усны чанар, хэрэглээний хомсдол” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ, манай улс усны нөөцөөр гачигдалтай оронд ордог.  Ийм 140-өөд орны 120-д явж буйг хэлээд, "Нийт хүн амын 69.2 хувь нь төвлөрсөн бус усан хангамжийн системээс ундалж байгаа нь хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн чанартай усаар найдвартай хангах зорилт хангалтгүй байна. Түүнчлэн хүн амын 70 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжид холбогдоогүй байгаа нь "Мянганы хөгжлийн зорилт"-ыг биелүүлэхэд манай улс хоцорч яваа"-г хэлж байв. 

 

Б.Болд

Холбоотой мэдээ