Х.Баделхан: Газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгасан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-25 12:23:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарын удирдах ажилтнууд өнөөдөр Төрийн ордонд чуулж байна.

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, барилгын салбарыг хөгжүүлж хүн амыг орон сууцаар хангах, ногоон барилгыг нэвтрүүлэх талаар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасан томоохон зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлоод, “Бид салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн болон Геодези, зурагзүйн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгаад байгаа”-г мэдэгдлээ.

 

Тэрээр тус салбарт хийсэн ажлуудын талаар өгүүлэхдээ, “Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гаргах дүрэм, журам, бодлогын баримт бичгүүдийг баталж дуусгалаа. Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулснаар төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдлээ. Энэ хүрээнд салбарын амин сүнс болсон норм, нормативыг шинэчилж байна” гэв.

Салбарын сайд цааш хэлэхдээ, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур баримт бичиг “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулан батлуулан, энэ ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, мэргэжлийн судлаач, шинжээчдийн баг тус төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна. Энэ төсөл нь Монгол Улсын хөгжлийг хөтлөх залуур болсон суурь баримт бичиг болох юм” гэв.

 


Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, нийслэл хотод 972 айлын, нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.


 

“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүллээ. Түүнчлэн ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 300 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс амжилттай босгоод байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, нийслэл Улаанбаатар хотод 972 айлын, нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа”-г дуулгалаа.

 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд салбарын 600 гаруй төлөөлөл оролцож байна. Чуулган зөвлөгөөн үргэлжилж байна.


Тодруулга: Энэ оны төсөвт БХБ-ын сайдын багцад нийт 347.4 тэрбум төгрөгийн 160 төсөл, ажлыг санхүүжүүлэхээр тусгаснаас 200.2 тэрбум төгрөгийн 27 төсөл, ажлыг он дамжин хийхээр байна. Харин 147.2 тэрбум төгрөгийн 133 төсөл, ажлыг энэ онд шинээр хэрэгжүүлэх юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ