У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-25 13:03:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


“Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагаас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулжээ. Тус хурлаас усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Иймд Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд танд хүргүүлж байгаа юм.


Энэ үеэр Ерөнхий сайл У.Хүрэлсүх, "Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хуралд оролцохдоо усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг бүрэн дэмждэгээ илэрхийлсэн. Агентлаг байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Энэ асуудлыг шуурхайлахыг дахин үүрэг болгоно. Монгол Улсын Засгийн газар усны бодлогын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнгөрсөн сард эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилгоор 350 сая ам.долларын гэрээ байгууллаа. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэнэ" хэмээв.

Холбоотой мэдээ