Жаахан шарга театрын удирдлага, уран бүтээлчид мэдээлэл хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-25 17:30:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын удирдлага, уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийж, Дэлхийн театрын 57 дахь өдрийг угтан хийж буй ажил, үйлчилгээнийхээ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Дэлхийн театрын 57 дахь өдрийн хүрээнд аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид гурван төрлийн жүжгийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Гэгээн тамлан”, алдарт зохиолч Софоклын “Эдип хаан” мөн хүүхэд багачуудад зориулан “Гахайн ганц тоорой” жүжгүүдийг энэ сарын 27-29-ний өдөр тоглох юм.

Жаахан шарга театр бусад соёлын байгууллагуудтай хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөөгөө гаргажээ. Энэ оны нэгдүгээр улиралд аймгийн Нийтийн номын сантай хамтран ажиллаж байна. Дэлхийн театрын өдөр тохиож буйтай холбоотойгоор ЕБС-ийн сурагчдад театрын урлагийн талаар мэдээлэл өгөх, номын сангийн нийтийн уншлагын танхимд “Театр ба соёл” сэдэвт номын үзэсгэлэн гаргаж байгаа аж. Тус үзэсгэлэнд 50 гаруй ном дэлгэжээ.

Хэвлэлийн хуралд театрын зөвлөх найруулагч УГЗ Л.Гомбосүрэн, театрын дарга Г.Баярцогт, туслах найруулагч Ц.Болортуяа, жүжигчин н.Түвшинжаргал, аймгийн Нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзий нар оролцов.

 

Холбоотой мэдээ