Монгол Улс 1 унц алтыг 1-1.5 ам.доллароор цэвэршүүлдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийв.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд уурхайгаас олборлож худалдсан эсхүл ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс улсын төсөвт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлдөг. Өөрөөр хэлбэл, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан байгууллагууд АМНАТ төлдөггүй аж. Иймд хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг АМНАТ төлдөг байхаар хуулийн төсөлд тусгасан юм.
Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд алт хууль бусаар хил давуулах оролдлого гарч байгаа эсэх, 1 унц алтыг хэдэн ам.доллароор цэвэршүүлж буйг тодруулж байв.
2010-2018 онд нийт 204 кг алт хууль бусаар хил давуулахыг завдсан хэрэг бүртгэгдсэн байна. Энэ асуудлын таслан зогсоохоор холбогдох албаныхан ажиллаж байгааг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн гишүүд онцолж байв. Түүнчлэн, "Монголбанк өнөөдрийн байдлаар 1 унц алтыг Швейцарь улсад 1-1.5 ам.доллароор цэвэршүүлдэг" гэлээ.
Ийнхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн тухай байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.