Түүхий эдийг нанотехнологийн түвшинд боловсруулах эхлэл тавигдсаныг малчдад дуулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 08:41:06

УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймагт ажиллалаа.Тэрээр УИХ-ын гишүүн ХХАА-н Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй ажилласан юм.

 УИХ-ын дарга З.Энхболд Төрийн банкны үйл ажиллагаатай танилцлаа

Орон сууцны ипотекийн зээлийн хүү таван хувь болж, малчны зээлийн хүүг бууруулсантай холбоотой Төрийн банкны үйл ажиллагаатай УИХ-ын дарга газар дээр нь танилцсан юм. Завхан аймагт Төрийн банкны 26 салбар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт санхүүгийн зах зээлийн 30 хувьд ажиллаж байна.  

Өнөөдөр тус салбар 33.9 тэрбум төгрөгийн зээлийн багцтай. Аймгийн хэмжээнд 4200 өрх малчны зээлтэй, тус банкны хувьд 1424 зээлдэгчийн 3.4 тэрбум төгрөгийн малчны зээл байсан. Энэ оны 2 дугаар сард малчны зээлийн хүү 18 хувь болж буурснаар дээрх зээлдэгчдэд 380 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.  Түүнчлэн тус салбараас найман  хувийн хүүтэй ипотекийн зээл авсан 107 харилцагчийн 3.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл бий бөгөөд эдгээрийг 5 хувийн хүүтэй зээл болгон шилжүүлэхэд нийт 1.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлэх юм байна. Харин малчны зээлийн хүү буурсанаар өөрөөр хэлбэл энэ сарын 15-ны өдрөөс хойш 10 хувийн хүүтэй малчны зээлийг ажлын дөрвөн өдөрт 47 харилцагчид нийт 116 сая төгрөгийн зээл олгоод буйгаа УИХ-ын даргад Төрийн банкны Завхан салбарын захирал Б.Эрдэнэбаатар танилцууллаа.

УИХ-ын дарга аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газарт ажиллан, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Тус төв аймгийн өрхүүдийн амьжиргааны талаарх судалгааны тайланг гаргаж зорилтот бүлэгт чиглэсэн олон үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Түүнчлэн үйлдвэрлэл дэмжих зорилгоор 1 сая төгрөг хүртэлх хэмжээний зээл олгож, зээл авсан иргэдийн өрхийн үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүнээр жилд 2-3 удаа гаргадаг бөгөөд иргэдээс сар бүр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг болох санал ирүүлээд байгаа гэнэ. 

Үүний дараа Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус коллежийн захирал Т.Мөнхбаатар Улсын Их Хурлын даргыг угтан авч, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.

1963 онд Монгол Улсад барилгын мэргэжилтэй ажилчид бэлтгэх зорилгоор байгуулагдсан бөгөөд 2014 онд Политехник коллеж  болон өргөжсөн тус газрын үйл ажиллагаатай УИХ-ын дарга танилцлаа. Энд өнөөдөр 80 гаруй багш ажилтан, 1000 орчим суралцагчидтайгаар 17 мэргэжлээр мэргэжлийн боловсролын, 3 мэргэжлээр техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 880 суралцагчийн багтаамжтай хичээлийн хоёр байр, 72 ортой оюутны дотуур байртайгаас гадна баруун бүсийн арга зүйн төв, компьютерийн 2 лаборатори, автомашины засварчин, цахилгаан, хүнд машин механизмын лаборатори, дадлагын газар, 80 суудалтай номын сан гээд сургалтын орчин нь нэлээн тохижжээ. 70 гаруй ААН-тэй 5 чиглэлээр гэрээтэй ажиллан, суралцагчдаа үйлдвэрлэл дээр дадлагажуулдаг байна. Энэ сургуулийг жилд 300 гаруй суралцагч төгсөж, 60-70 хувь нь ажлын байртай болж чаддаг юм.

Улсын Их Хурлын дарга Политехникийн коллежийн үйл ажиллагаатай танилцсаны дараа аймгийн төвөөс 30 кмт орших Алдархаан суманд ажиллалаа. Энэ суманд  “Ган Доной” ХХК амины орон сууцын загвар бариад байгаа юм. Тус орон сууц нэг айлынх нь 80кв.м , нэг ам метр нь 950 000 төгрөг юм. Харин ипотекийн таван хувийн зээлд хамрагдах боломж бүрдүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгаа аж. Үүнээс гадна тус сумын нутаг дэвсгэр дээр цэвэр, бохир ус болон дулааны дэд бүтцийг шийдвэрлэхэд төсвийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа талаар сумын Засаг дарга А.Мөнхсайхан УИХА-ын даргад танилцуулсан. 

УИХ-ын дарга З.Энхболд Завхан аймгийн иргэдтэй уулзлаа

Алдархаан суманд ажилласныхаа дараа Улсын Их Хурлын дарга Завхан аймгийн иргэдтэй уулзаж, 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар танилцуулж, мэдээллээ. УИХ-ын дарга З.Энхболд: -“Сайн малчин” хөтөлбөрийн талаар танилцуулж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газраас энэ арга хэмжээг авч байгааг дуулган, малаа эрүүл байлгаж, махаа экспортлох боломж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. 

Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын импорт буурч, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, ноос, ноолуур зэрэг зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа тогтмол өссөн байгаа статистик мэдээлэл танилцууллаа. Мөн ургамал, малын гаралтай бараа, бүтээгдэхүүний экспорт өсч 2015 оны байдлаар 79.9 сая ам.долларт хүрсэн байна. 

Цаашдаа экспортын орлогыг нэмэгдүүлэх, ОХУ, БНХАУ, Вьетнам Улс руу махны экспорт хийх бодит боломж байгаа боловч малын эрүүл ахуйн асуудлаас болоод ердөө 5 аймаг л Бургастайн боомтоор мах экспортлох эрхтэй болсон байна. Тиймээс 56 сая малтай манай улсад 200.000 өрх малаа эрүүл байлгах юм бол жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломж байна. Цаашлаад малын гаралтай олон түүхий эдийг биотехнологи, нанотехнологийн түвшинд боловсруулбал шинэ боломж нээгдэж, энэ төрлийн эхний үйлдвэрлэл бий болоод байгааг танилцууллаа. 

Уулзалтын үеэр иргэд УИХ-ын дарга болон дагалдан яваа ажлын хэсгийнхэнээс Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль малчны зээлийн хүү буурсан, малчдын тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн яаж зохицуулах, төрийн албан хаагчдын цалинг нэмэх, хариуцлага тооцож байх, ипотекийн зээлийн хүүгийн талаарх ач холбогдол, амьдрал дээр банкны зээл эзнээ олохгүй байна гэх мэтчлэн олон асуултыг асууж хариулт авч байв.

Харин энэ үеэр ипотекийн зээлийн хүү нь таван хувьд шилжиж буй зарим иргэд, малчны зээлийн хүү буурсанаас хойш энэ зээлд хамрагдаж байгаа малчид УИХ-ын дарга болон холбогдох албаныханд талархлаа илэрхийллээ.
 

Завхан Б.Мягмарсүрэн

 

 

Холбоотой мэдээ