ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монголд хийх айлчлалын бэлтгэлийг хангаж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-29 16:44:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр  Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын эхэнд, ноён Элчин сайд Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины баярын мэндчилгээг гардуулав.


УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байна гээд үүнд ноён Элчин сайд И.К.Азизовын зүтгэл чармайлт ихээхэн үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн энэ онд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болон хамтарсан хүндэтгэлийн ёслолууд зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дуулгав. Тухайлбал, Халх голын байлдааны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлана гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн энэхүү түүхэн ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна гэлээ. 


Элчин сайд И.К.Азизов, "Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн жилд 1,8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн амжилт. Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь өнгөрсөн жилд 25.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад хамгийн их үзүүлэлт" хэмээв. Түүнчлэн энэ оны долдугаар сарын 01-02-нд Москва хотноо болох Парламентаризмыг хөгжүүлэх асуудлаарх олон улсын хоёр дахь чуулга уулзалтад оролцох урилгыг гардуулав.


Уулзалтын үеэр талууд Халх голын байлдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, хоёр орны парламентын гишүүдийн дунд шатрын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ