Орон байр, автомашинаас эд зүйл хулгайлдаг этгээдүүдийг баривчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газар /НЦГ/-ын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс автомашин, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 16-21 насны этгээдүүдийг илрүүлжээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б нь энэ оны нэгдүгээр сараас хойш нийслэлийн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр явж, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн хулгай хийдэг байжээ. Тэрээр мөнгөн аяга, гар утас, бэлэн мөнгө, алт, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлс хулгайлжээ. Нийт 27 удаагийн үйлдлээр иргэдэд 50 орчим сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгалт явуулж байна.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух иргэн А, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ө, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д нар нь Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар иргэдийн авто машины LED гэрэл, аккумулятор, эд зүйлсийг хулгайлж байжээ. Нийт 30 гаруй удаагийн үйлдлийг нь илрүүлэн, шалгаж байна.
Бусдын орон байр, автомашинаас эд зүйл хулгайлсан тохиолдолд “Эрүүгийн хуулийн 17.1.1 Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.