Тоглоомын аргачлалаар хүүхдийг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 10:20:32

Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн, сургах 18 тоглоомын аргачлалыг Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Ирээдүй” цэцэрлэг боловсруулжээ. Мөн хүүхдийн эзэмших чадварыг түвшингүүдэд хувааж, 40 ширхэг ном эхийг нь бэлтгэн хэвлүүлсэн байна.

Тоглоом нь хүүхдийн үндсэн үйл байх бөгөөд хүүхэд хүрээлэн буй орчин юмс үзэгдэл, өөрийн тухай төсөөллийг өөрийн үндсэн үйл болох тоглоомын явцад өөрөө эзэмшдэгтэй холбогдуулан тус хөтөлбөрийг боловсруулжээ. Тус аргыг сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж эхэлсэн байна. Мөн Монгол арга ухаанд тулгуурласан тоглоомын, хэл яриа, математикийн энгийн төсөөллийн, хөгжим-хөдөлгөөнийг дэмжсэн, дүрслэх урлаг, туршилт танин мэдэхүйн сургалтын үйл ажиллагааг тус тус ашиглаж байгаа гэнэ.

Тоглоомоор тоглоход хүүхдүүд маш сонирхолтой идэвхтэй байдаг, хүүхдийн сэтгэн бодох чадвар сайн хөгждөг төдийгүй хүүхдүүд тоглох ээлж дараагаа хүлээснээр хүлээцтэй занд, ойлгомжгүй болон чадахгүй байгаа зүйлээ хүүхэд өөрөө илэрхийлж, дэмжлэг тусламж авч нээлттэй болоход суралцаж байгааг багш нар нь онцолж байна. Мөн хүүхэд бүр хийж буй үйлдээ сонирхолтой, идэвхтэй байгаа эсэхээ яриагаар, асуулт хариулалтаар илэрхийлж, өөртөө итгэлтэй, хамтран ажиллах, бусадтай харилцахад суралцдаг аж. Аргачлалаар тоглуулж сургах тус үйл ажиллагаанд мөн сул талууд байгааг ч тэд хэлсэн. Тодруулбал, аргачлалыг тухай бүрд нь шинэчлэн сайжруулж байх шаардлага тулгардаг бол тоглоомын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ