Хог тээвэрлэлтийн хуваарийг шинэчлэн баталжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-04-11 17:43:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж байгууллага, орон сууц, айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх хуваарь байдаг ч тэр нь төдийлөн мөрдөгддөггүйгээс болж иргэдийн шүүмжлэл тасардаггүй. Тэгвэл Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-аас хог тээвэрлэлтийн хуваарийг шинэчлэн баталж, мөрдөж эхэлжээ.

Ингэхдээ хог тээвэрлэх жолооч болон ачих ачигч нарийн ажлын хуваарийг ч тодорхой зааж өгчээ. Ингэснээр тухайн ажилтан зөвхөн өөрийн хуваарьт газрынхаа хогийг авч, тээвэрлэх учир өөр чиглэлд явж хугацаа алдана гэх зүйл үгүй болжээ.

Бид хоггүй хотыг цогцлоохын төлөө өөрсдийн бүхий л нөөц бололцоог ашиглан ажиллаж байна. Техник хэрэгсэл, хүн хүч гээд дутмаг хэдий ч ажлын хуваариа зөв гаргаж чадвал болохгүй зүйл үгүй. Ер нь иргэдээс ирдэг гомдлын дийлэнх хувь нь хогны асуудал байдаг. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэхийг зорьж, нарийн хуваарийг гаргасан. Одоо ажилчид зөвхөн өөрийн заасан маршрутаар явж ажиллаж байна. Шинэ хуваарь мөрдөгдөж эхэлснээр иргэд их ам сайтай байгаа. Хогны мөнгийг цахилгааны төлбөртэй шууд авдаг болсноор хогны мөнгөний асуудал нэг үеэ бодвол шийдэгдсэн. Мөнгө нэхэж явдгаа больсон гэсэн үг л дээ. Тиймээс иргэд нэгэнт мөнгөө төлчихсөн учир үйлчилгээгээ нэхэх нь зүй ёсны хэрэг. Нөгөө талаар иргэд маань ч хогоо шуудайлаад хашааныхаа гадаа гаргаад тавьчихдаг болсоноор манай ажилчид ч хогийг нь ачаад явахад хялбар байдаг гэж Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНБҮГ-ын дарга Х.Баатарсүх хэллээ.


Мөн золбин муур, нохой устгалын ажил сардаа эсвэл улиралдаа хийдэг байсныг халж, долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт тус ажлыг гүйцэтгэж байхаар дээрх хуваарьт тусгажээ. 

Холбоотой мэдээ