Капитал банкийг албадан татан буулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-08 15:01:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгч өнөөдөр тушаал гаргаж, Капитал банкийг албадан татан буулган, банкны эрх хүлээн авагч томиллоо.


Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны тогтоолоор Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргажээ. Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан бөгөөд  Хадгаламжийн даатгалын корпораци нь банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкны нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгох юм.


Иргэд  даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж.

Холбоотой мэдээ