Уул уурхайн компаниудтай байгуулсан гэрээг хянах хороо ажиллаж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-04-09 09:18:13

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн удирдлага өнгөрсөн оноос байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр уул уурхайн компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Тэгвэл дээрх гэрээний зүйл заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих хороог байгуулаад байна.  

Энэхүү хороог үр дүнтэй ажиллуулах үүднээс тус аймгийн ЗДТГ, Мерит төсөлтэй хамтран хорооны гишүүдэд мэдээлэл өгөх сургалтыг хийлээ.

Одоогоор Дорнод аймгийн удирдлага уул уурхайн 20 ААН, компанитай гэрээлэн ажиллаж байна. Уул уурхайгаас орон нутагт орж ирэх өгөөжийг сайжруулах, байгаль орчны нөхөн сэргээлтэд онцгой анхаарал хандуулах чиглэлээр олон ажил хийж байгаагийн нэг нь энэ юм.

Дашрамд дуулгахад, энэ өдрүүдэд Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захирал, Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21-р талбайн удирдлага Дорнод аймагт ирж, тус аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагуудтай албан уулзалт хийж байна. Уулзалтаар өнгөрсөн оны 10 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн хооронд байгуулсан “Гурван талт хэлцэл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, үр дүнгийн талаар ярилцаж, хэрэгжилтийн явцыг дүгнэж байна. 

Холбоотой мэдээ