Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-09 12:10:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, нэр бүхий зургаан гишүүний санаачлан боловсруулсан "Түр хороо байгуулах" тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг 100 хувийн саналаар дэмжив.


Олон улсын парламентийн удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. 


Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын парламентад ирүүлсэн дээрх шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулсан байна.


Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд ч байгаа юм.


Өнгөрсөн сарын 27-ны УИХ-ын ээлжит бус чуулганаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх дүрс бичлэгийн эхний зургаан өдрийн 28 минутын хэсгийг албаны хүрээнд Улсын нууцаас гаргаж, ТЕГ-аас УИХ-ын гишүүдэд хаалттай горимоор үзүүлсэн. Мөн сарын 29-нд сэтгүүлчдэд албаны хүрээнд хаалттайгаар үзүүлсэн.


ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн сарын 21-нд мэдээлэхдээ, Эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан гурван хүнийг хорьж, эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ