“Трампын комиссар” Д.Малпасс Дэлхийн банкийг удирдана
ТОЙМ
АНУ-ын Сангийн яамны Олон улсын
асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Дэвид Малпасс дөрөвдүгээр сарын 9-нөөс
эхлэн Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албыг 5 жилийн хугацаагаар хашихаар болсон
билээ. Ерөнхийлөгч Д.Трамп
өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр өдгөө 63 настай Д.Малпассыг уг албан тушаалд
нэр дэвшүүлжээ. Энэ талаар Би-Би-Си агентлагийн тоймч Алексей Калмыковын бичсэн
нийтлэлийг орчуулан хүргэе.
Дэлхийд тогтсон дэг журмын эсрэг
Дональд Трампын өрнүүлсэн загалмайтны аян ээлжит нэгэн зорилгодоо хүрчээ. “Нэн
түрүүнд Америк” гэсэн уриатай бамбайгаа тэрбээр Дэлхийн банкны хаалганд
аваачаад хадчихлаа. Энэ банк бол эдийн засгийн бүтцээ өөрчлөх, дэд бүтцээ
шинэчлэхэд нь зориулан ядуу улс орнуудад хүү багатай зээл олгодог гол үүсвэр
юм.
Дэлхийн банкны арга барил,
зорилгыг шүүмжилдгээрээ алдартай Дэвид Малпассын нэрийг Ерөнхийлөгч Д.Трамп тус
банкны тэргүүний албан тушаалд дэвшүүллээ. Зарим улс оронд Трампын сонголтыг
сайнаар хэлэхэд эргэлзэн үл итгэсэн байдалтай, муугаар хэлэхэд гайхширсан
байдлаар хүлээн авч, дэлхийн дахин ерөнхийдөө дурамжхан зөвшөөрөв.
Дэлхийн банк жил бүр хөгжиж буй
орнуудад олон арван тэрбум долларын зээл олгож, эдийн засгаа хөгжүүлэх,
иргэдийн амьдрал ба төрийн удирдлагыг сайжруулахад нь тусалсаар ирсэн. Дэлхийн
бараг бүх улс орон тус банкны гишүүн болсон ба АНУ ердөө 16 хувийн саналын
эрхтэй. Гэсэн ч Трамп өнөөдөр ялалтаа тэмдэглэж байна.
“Дотроос нь бусниулах”
Малпасс тус банкинд дэг журмыг
тогтоож, түүнийг Америкийн ашиг сонирхолд үйлчилдэг болгож чадна гэж Цагаан
ордон тооцоолж байна. Малпасс удирдаж байх хугацаанд уг банк Вашингтоноос улам
бүр хамааралтай болж, өргөжин тэлэх бодлого алдагдана, ингэснээр дэлхий дахин
дахь АНУ-ын нөлөө хумигдаж, хөгжиж буй орнуудын гол зээлдүүлэгч нь Хятад улс
болно гэж шинжээчид анхааруулж байгаа
юм.
“АНУ бол ДБ-ны гол хандивлагч бөгөөд бид
жилдээ 1 тэрбум гаруй долларыг тус банкинд өгдөг. Миний удирдсан засгийн газрын
гол зорилго бол татвар төлөгчдийн энэ мөнгийг ухаалгаар, үр дүнтэйгээр захиран
зарцуулж байгаа эсэхийг хянаж, энэ мөнгө Америкийн ашиг сонирхолд үйлчилж,
Америкийн үнэт зүйлсийг хамгаалж байгаа гэдэгт итгэлтэй байх явдал” гэж Трамп
нэр дэвшигчийг танилцуулах үеэрээ хэлсэн билээ.
Дайны дараа бий болсон олон улсын
байгууллагуудын тогтолцоонд Трампын хандах хандлага тийм ч сайнгүй хэвээр
байна. Тэрбээр протекционизмын бодлогыг дахин сэргээж, худалдааны дайныг өдөөж,
уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэрээ, хөршүүдтэйгээ байгуулсан худалдааны
түншлэлийн холбоо, Ирантай байгуулсан цөмийн гэрээ зэргээс АНУ-ыг гаргасан
билээ. Мөн НАТО, “Их7”, Дэлхийн Худалдааны байгууллага төдийгүй Дэлхийн
Шуудангийн холбоог ч шүүмжилдэг. Харин банкны эзэн байсан Малпасс энэ хугацаанд
Трампын дэргэд үргэлж байсаар ирсэн. “Тэр намайг санхүүгийн тал дээр олон
жилийн өмнөөс дэмжсээр ирсэн. Сонгуульд оролцохоор шийдэхээс өмнө шүү. Надад ийм хүмүүс яагаад ч юм
таалагддаг” гэж Малпассын тухай Америкийн Ерөнхийлөгч ярьсан байна.
Гэтэл чухамдаа Трампын энэ үг нь
шинжээчдийг болгоомжлоход хүргэж байгаа юм.
“Малпасс бол маш зөрчилтэй бие
хүн, үүнд эргэлзэх хэрэггүй. Тэрбээр Трамптай шууд холбоотой бөгөөд Трамп бол олон
улсын байгууллагууд руу байнга дайрч давшилж байдаг хүн. Малпасс ч гэсэн мөн
адил тэдгээр байгууллагуудыг шүүмжилсээр ирсэн. Одоо харин тэрбээр дотроос нь
бусниулж эхлэх вий хэмээн олон хүн санаа зовниж байна” гэж хөрөнгө оруулалтын
Invesco Perpetual компанийн гүйцэтгэх захирал Стефани Бутчер ярьж байна.
Украин, Гүрж хоёрт сайн мэдээ,
Хятадын хувьд муу мэдээ
С.Бутчер үзэж байгаагаар, Малпассын
үед Дэлхийн банкны үйл ажиллагааны гол чиглэлүүдийн жагсаалтаас уур амьсгалын
өөрчлөлттэй хийх тэмцэл хасагдах бол хямд зээл хүртэгсдийн жагсаалтаас сүүлийн
үед толгойгоо өндийлгөж буй Америкийн өрсөлдөгчид болох Хятад, Бразил, Энэтхэг
гурав хасагдах ажээ.
Энэ таамаг зөв байжээ гэдгийг
Малпассын хэлсэн үг зарим талаар баталж байна. Тухайлбал, тэрбээр уур амьсгалын
өөрчлөлт болон дундаж орлоготой орнуудад зээл олгох нь тус банкны гол зорилт
биш харин ядууралтай тэмцэх нь гол зорилт гэдгийг дурдсан юм.
“Хэт ядуурлыг үндсээр нь арилгах, амьдралын түвшнийг дээшлүүлэх, эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлэхийн тулд Дэлхийн банкны хувьд өөрийн үндсэн үүрэг буюу хөгжиж буй орнуудад туслахад анхаарлаа төвлөрүүлэх ёстой” гэж Малпасс мөрийн хөтөлбөртөө тодорхойлсон байна. “Илүү өндөр орлоготой орнуудад олгох зээлийн хөтөлбөрүүдээ танаснаар зээл авах илүү шаардлагатай байгаа хөгжиж буй орнууд руу анхаарлаа чиглүүлнэ” гэж тэрбээр үзэж байна. Түүний энэ байр суурийг Д.Трамп дэмжиж байгаа юм. “Дэлхийн банк хариуцлагатай, тайлагнах чадвартай байх ёстой гэж Дэвид байнга үзсээр ирсэн. Санхүүжилтийг хэрэгтэй газарт нь, хэрэгтэй төслүүдэд зарцуулах, тухайлбал, маш ядуу нөхцөлд амьдарч буй хүмүүст зориулахын төлөө тэрбээр цуцалтгүй тэмцсээр ирсэн” гэж Трамп хэлсэн байна.
Дэлхийн банкнаас Киргиз улсад олон арван сая долларын зээл олгожээ
Дэлхийн банк улс орнуудыг
орлогынх нь хэмжээгээр 4 ангилдаг бөгөөд хамгийн ядуу гэсэн ангилалд 34 улс
багтдаг байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас Тажикистан эл
ангилалд ордог бол дараагийн шатны ангилалд
Киргизстан, Узбекистан, Гүрж, Молдов ба Украин багтдаг ажээ.
АНУ-ын байр суурийг ганхуулж
магадгүй
Дэлхийн банкны мандатыг хумих
гэсэн америкчуудын оролдлого нь тэднийг дэлхий дэх нөлөөгөө алдахад хүргэх
эрсдэлтэй гэж Оксфордын их сургуулийн профессор Найри Вудс анхааруулж байна.
“Дэлхийн дахин дахь Америкийн
нөлөө гэдэг утгаар нь авч үзвэл, Дэлхийн банк хүчтэй байх нь АНУ-д ашигтай.
Гэтэл тус улсын санаачилгаар уг банкийг сулруулах байр суурьтай хүн захирлаар
томилогдож байгаа нь хачирхалтай хэрэг. Энэ нь хөгжиж буй орнуудад хэрэгжиж буй
дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, олон улсын хөгжлийн институтыг бий болгосон
Хятад улсад ашигтай тусна” гэж профессор дүгнэжээ.
Барууны хөгжлийн институтүүдийн өрсөлдөгч
гэдгээ хятадууд бүр 10 жилийн өмнө зарлан мэдэгдчихсэн билээ. Тухайн үед
Financial Times сонины тооцоолж байснаар, Хятадын төрийн өмчийн China
Development Bank ба China Import Bank гэсэн хоёр банк Дэлхийн банкнаас
олгосноос илүү их хэмжээний зээлийг хөгжиж буй орнуудад олгосон байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд зээлийн хэмжээ улам л нэмэгдсэн. Хятад улс “Бүс ба зам” гэдэг өргөн хүрээтэй төслийг санаачилсан бөгөөд түүний үндсэн санаа нь тухайн улс орныг дэлхийн 100 гаруй оронтой худалдааны замаар холбох явдал юм.
Камбож улсад "Бүс ба зам" төслийн хүрээнд барьж буй объект
Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ
тодорхойгүй байгаа боловч зарим мэдээллээр, эхний 5 жилийн хугацаанд Хятад улс
нэг их наяд гаруй доллар зарцуулахаар тохиролцжээ. Одоогийн байдлаар,
Хятадын хөрөнгө оруулалтын 10 доллар бүрийн нэг нь дээрх төсөлд зарцуулагдаж
байна.
Хятадын хөрөнгө оруулалт нь
Трампын дээр дурдсан үнэт зүйлстэй холбоогүй юм. Эдгээр үнэт зүйлс нь төрийн
удирдлагын үр ашигтай тогтолцоо, ил тод тайлагнах, авлигатай тэмцэх явдал ажээ.
Дэлхийн банк санхүүжилт хийх явцдаа эдгээр үнэт зүйлийг хэвшүүлэхээр оролдож
байна.
Вашингтоны ааш аягаас шалтгаан
Дэлхийн банк хөгжлийн гол институтийн үүргээ хятадуудад алдаж магадгүй байгаа
нь барууны орнуудын санааг зовоож байгаа юм.
Угаасаа л ийм байх учиртай
Тийм юм бол яагаад үүний эсрэг
хэн ч дуугарсангүй вэ, Малпассын хувьд ямар ч өрсөлдөгчгүй байсан нь ямар
учиртай вэ? Учир нь гэвэл, угаасаа ийм байх ёстой байжээ. Трампад огт
таалагддаггүй дайны дараах дэлхийн дэг журмын хүрээнд ийм байх учиртай ажээ.
Дэлхийн банк бол Дэлхийн II дайнд
нурж сүйрсэн Европыг сэргээн босгох зорилгоор бий болсон санхүүгийн байгууллага
юм. Тэр үеэс хойш америкчууд тус банкийг удирдсаар ирсэн бол хариуд нь Олон
улсын валютын сангийн тэргүүний суудлыг европчууд авчээ. Тус сангийн зээлүүд нь
хөгжлийн зориулалттай биш бөгөөд түр зуур санхүүгийн хүндрэлд орсон орнуудын
төлбөрийн тэнцэлд үүссэн “нүхийг бөглөх”-өд зарцуулагддаг юм.
Энэхүү жентельмений тохиролцоог
зөрчихийг хэн ч зүрхэлсэнгүй. Трамптай мэтгэлцэх хүн ч байсангүй, Дэлхийн
банкны Удирдах зөвлөлийн 25 гишүүн бүгд Малпассыг дэмжжээ.
“Америкийн нэр дэвшигчтэй
өрсөлдөөд ямар ч нэмэргүй гэдгийг бүгд ойлгосон байсан. Өөрт нь саад хийх гэсэн
хүмүүсийг Трамп хэрхэн шийтгэж буйг харсан учраас АНУ-тай сөргөлдөхийг хэн ч
хүсээгүй” гэж Америкийн Виллановын их сургуулийн профессор Кристофер Килби
дүгнэн ярилаа.
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-47137782