М.Оюунчимэг: Сурагчдын үдийн цайнд 600 төгрөгийн талыг зарцуулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-11 13:28:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, "ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уншиж танилцуулав. Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, өнөөдрийг хүртэл I-V ангийн сурагчдад 600 төгрөгт багтаан үдийн цай өгч байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа ч “Үдийн цай”-гаар олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангаж чадахгүй байгааг танилцуулгад дурдав. Тиймээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж, дээрх хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуув. Тэрээр зарчмын хувьд эл хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлээд, үдийн хоолны эрүүл ахуйн аюулгүй байдлыг хэрхэн хангах, төсвийг хэрхэн тооцоолсныг хуулийн төсөл боловсруулсан ажлын багаас асуув. Түүнчлэн сургууль бүрт хоолны газар байгааг судалсан эсэхийг тодрууллаа.



УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Одоо батлагдсан төсвөөр нэг хүүхдэд 600 төгрөгийн үнэтэй үдийн цайгаар үйлчилж байна. Гэхдээ үүний тал нь тухайн үдийн цай үйлдвэрлэгч ААН-ийн гал тогооны түрээс, урсгал зардалд зарцуулагддаг судалгаа гарсан. Тиймээс сургууль бүр дэргэдээ хоол бэлтгэх туслах аж ахуйтай болох нь зүйтэй. Хүнсний аюулгүй байдлыг багш, сурагч, эцэг эхийн зөвлөл хянадаг байхаар хуулийн төсөлд тусгасан. Нийслэлийн хэмжээнд 141 сургууль байгаагаас 80 нь зориулалтын хоолны өрөө, 57 нь зориулалтын бус өрөөтэй. Долоон сургууль огт хоолны газаргүй. Энэхүү хуулийн төсөл 2020 оны нэгдүгээр сард хэрэгжиж эхлэхээр заасан. Тиймээс сургуулиудад гал тогоог байгуулах, засварлах ажилд эхний ээлжинд 9.3 тэрбум төгрөгийг төсөвт суулгах шаардлагатай гэсэн тооцоог БСШУСЯ-наас гаргасан байна. Нэг хүүхдийн хоолны мөнгө 2400 төгрөг гэж тооцоод, хоолны танхим, гал тогоо байгуулах, засварлах болон бусад ажил зэрэгт нийт 307 тэрбум төгрөг шаардлагатай” гэж хариулав.



УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Улсын хэмжээнд хоолны эрүүл ахуйн шаардлагыг хангах 652 хоол зүйч, 1600 тогооч хэрэгтэй болно. Дээрх хууль бүрэн хэрэгжихэд ихээхэн төсөв шаардлагатай. Нэг дор  хэрэгжүүлэх боломжгүй тул 5-6 жилд хувааж, жилд 50-60 тэрбум төгрөг төсөвлөж, шат дараатай хэрэгжүүлэх, мөн 2021 оны хичээлийн жилээс 5-8 дугаар анги, 2022 оны хичээлийн жилд ахлах ангийнхныг үдийн хоол хөтөлбөрт хамруулах зэргээр ажиллах боломжтойг онцлов. Тэрээр, хуулийн төсөлд, нэг хүүхдэд олгох хоолны мөнгийг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулж, Засгийн газраас тогтоохоор тусгасан гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сургууль дэргэдээ хоол үйлдвэрлэх туслах аж ахуйн нэгжтэй байх нь маш чухал гэдгийг тодотгоод, үдийн хоол хөтөлбөрт багш нарыг хамруулах боломж байгаа эсэхийг тодруулав. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, багш нарын асуудлыг дараагийн хэлэлцүүлэгт хэлэлцэж болох талаар дурдав.


Ингээд гишүүд асуултдаа хариулт авч, санал хэлсний дараа дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх эсэхийг санал хураалтаар шийдэх байсан. Гэвч УИХ-ын чуулганы хурууны хээгээр санал хураах шинэ системд техникийн саатал гарсан тул чуулганыг 15.00 цагт хүртэл түр завсарлуулав.

Холбоотой мэдээ