Дауны өвчтэй хүүхдүүдийн амьдралыг гэрэл зургаар өгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-22 17:48:48

Монгол Улсад анх удаа даунтай хүүхдүүдийн эцэг эхийн санаачилгаар энэ өвчний хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарыг  “Дауныг зөв таниулах сар” болгон зарлажээ. 

Гэрэл зураг сонирхогч "Хорьт" фото клубын залуус нөлөөллийн сарын аянд сайн дураар нэгдэн, дауны хам шинжийг олон нийтэд зөв таниулахаар нас насны төлөөлөл болох даунтай хүүхдүүдийн гэрэл зургаар "20+1=ОНЦГОЙ БЭЛЭГ" үзэсгэлэнг өнөөдөр "Blue Moon" арт галерейд нээлээ.

Тус клубын 20 гэрэл зурагчин даунтай хүүхэдтэй гэр бүлийн нэг гишүүн болон, өдөр тутмын амьдралынх нь нэгээхэн хэсэг байж тэдний энгийн амьдралын хэв маягийг гэрэл зургийн хальснаа буулгасан юм. Үзэсгэлэн Монголын гэрэл зургийн түүхэнд анх удаа даунтай хүүхдүүдийн өдөр тутмын амьдралыг өгүүлснээрээ онцлогтой.

Дауны хам шинж нь өвчин биш бөгөөд 21 дэх хромсомын гурвал буюу генетикийн өөрчлөлт юм. Монгол Улсад одоогоор дауны хам шинжтэй иргэдийн тоо тодорхойгүй байдаг ч 800 төрөлт тутамд нэг даунтай хүүхэд төрдөг гэсэн судалгаа бий.

Даунтай буюу илүү хромсомтой хүмүүстэй холбоотой түгээмэл буруу ойлголт, хэллэг нь өнөөдрийг хүртэл нийгмийн дунд байгаа нь даунтай хүүхдүүд дөнгөж төрсөн цаг мөчөөсөө эхлэн ялгаварлан гадуурхалтад өртөж, нүд үзүүрлэгдэн, даунтай хүүхэдтэй болсон гэр бүлүүд үл ойлголцсоны улмаас салж саринах бэрхшээл тулгарч байдаг.
Иймд даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүд нийгэмд тархсан түгээмэл буруу ойлголт, хэллэгийг засч залруулахад чиглэсэн нэг сарын нөлөөллийн аян өрнүүлж, НҮБ-ын дэргэдэх Дэлхийн Дауны Холбооноос гаргасан Дауны талаар юу гэж хэлж БОЛОХ, юу гэж хэлж БОЛОХГҮЙ вэ гэсэн уриалгыг нийгэмд, олон нийтэд таниулахаар зорьж байна. 

Тус аяныг НҮБ-ийн дэргэдэх Дэлхийн Дауны Холбоо анхааралтай ажиглан, эцэг эхчүүдийн ажлыг мэдээллийн сайтдаа /https://worlddownsyndromeday.org/ байршуулан түгээжээ.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ