Цэнхэр ягаан тасалбараа шүүлгэж 10 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй хувьцаатай болсноо мэджээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-04-16 10:27:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Иргэдэд үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг мэдээлэл өгөх, өмч хувьчлалын цэнхэр тасалбар болон “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх өдөрлөг Сайншанд, Замын-Үүд суманд боллоо.

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, “Эрдэнэс таван толгой” ХК, мөн Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй "Би ди сек" ҮЦК , Гүүдсек ҮЦК, Санар ҮЦК оролцон иргэдэд хувьцааны данс нээж, цэнхэр ягаан тасалбарын талаар тодруулж, шаардлагатай зөвлөгөө өгсөн байна.

Зах зээл эхэлсэн ерээд оноос хойш иргэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ аль нэг компанийн хувьцаа авчихаад мартчихдаг. Эсвэл үнэт цаас, хувьцааны талаарх мэдлэг дутуугаас болоод ногдол ашгаа авч чаддаггүй байдал нийтлэг байдаг аж.

Тухайлбал тус өдөрлөгийн үеэр Дорноговь аймгийн Сайншанд суманд амьдардаг нэг эмэгтэй тухайн үед “Сүү” ХХК-ийн хувьцаа авчихсан байсныг үр хүүхдүүд нь шалгуулахад 10 гаруй сая төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаатай болсныг мэджээ.

Тиймээс тухайн орон нутагт ажиллаж илүү өргөн хүрээний мэдээлэл иргэдэд хүргэж буйгаараа өдөрлөгийн ач холбогдол оршиж байгааг албаныхан дурдсан юм.

Өдөрлөгт ирсэн иргэд дансаа хэрхэн нээлгэх, 1072 ширхэг хувьцаагаа яаж баталгаажуулах хийгээд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн талаар тодорхой мэдлэгтэй болсон байна.

Холбоотой мэдээ