Үе үеийн төгсөгчдийн нөхөрсөг тэмцээн Улаанбаатар хотноо болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ерөнхий боловсролын
сургуулийг 1989 онд төгсөгчдөөс санаачлан
1986-1991 онд төгсөгчдийн дунд “Дуурсагдах нутаг-бидний нөхөрлөл” гар бөмбөгийн
нөхөрсөг тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус тэмцээнд 1986-1991 онд тус
аймагт сургууль төгссөн жил жилийн төгсөлт бүр эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаа
оруулж, нийт 12 багийн 96 тамирчин хурд, хүчээ сорин өрсөлджээ. Тэмцээнд
оролцогчдын 30 гаруй хувь нь “Спортын мастер” цолтой юм.
Тэмцээнд Дундговь аймгийн Улсын
тэргүүний 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1987 онд төгссөн 34 дэх төгсөлтийн
залуучууд амжилттай оролцож, “Алтан цом”-ын эзэд болсон аж.
1980-1990-ээд онд тус аймагт гар
бөмбөгийн спорт маш хүчтэй хөгжиж, энэ спортоор улсдаа удаа дараа түрүүлж
байсан талаар тухайн үеийн төгсөгчид дурсан ярьцгаадаг.
Тухайн үед аймгийн хэмжээнд Улсын
тэргүүний 10 жилийн 1-р сургууль, 10 жилийн 2-р сургууль, Эрдэнэдалай,
Говь-Угтаал сумын 10 жилийн сургууль гээд дөрвөн сургууль л төгсөгчдөд бүрэн
дунд боловсрол олгодог байсан хийгээд жилдээ
400 орчим сурагч төгсөж байжээ.
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч
А.Доржсүрэн, багш Б.Гунгаадаш, Г.Бүдээ, И.Галбаатар зэрэг биеийн тамирын
чадварлаг багш нар, дасгалжуулагчдын бэлтгэсэн шавь нар өнөөдөр Дундговь аймагт
гар бөмбөгийн спортыг үргэлжлүүлэн хөгжүүлж яваа бөгөөд энэхүү спортыг аймгийн
брэндүүдийн нэг хэмээн тодотгож, 30-аад жилийн өмнө тус аймгийн ерөнхий боловсролын
сургуулийг төгсөгчид багш нараараа бахархан, тэднийгээ дурссан байна.
Сургуулиа төгсөөд Монгол орныхоо
өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нутаг, төгсөлт нэгт залуучууд ийнхүү гар
бөмбөгийн спортоор ойртон, дотносч, нөхөрсгөөр ийнхүү уулзалдсан аж.