Баянхутаг суманд газар өмчлөлийн явц хамгийн бага хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-18 21:52:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар газар өмчлөлийн явц 28,4 хувьтай байгаа бөгөөд  Баянхутаг сумын өмчлөлийн явц хамгийн бага буюу 2,4 хувьтай байна.

Энэ нь аймгийн хэмжээнд нийт 21629 иргэн газар өмчлөх хүсэлт гаргаснаас 21553 иргэнд 2265,26 га газрыг өмчлүүлсэн дүн мэдээ юм. Харин тус аймгийн төв Хэрлэн сумын хэмжээнд 10880 иргэнд 766,89 га газрыг өмчлүүлсэн ба газар өмчлөлийн явц 47,4 хувь байна. Батширээт сумын газар өмчлөлийн явц хамгийн өндөр буюу 47,5 хувьтай гарчээ.

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлыг Өмнөговь, Хэнтий, Увс аймаг болон нийслэлийн зарим дүүрэгт зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн ГХБХБГ-ын сургалтын танхимд газар өмчлөлийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, хууль батлагдсанаар нийгэмд үзүүлсэн эерэг сөрөг нөлөөллийг тогтоох, хуулиар олгогдсон газар өмчлөх эрхээ эдлэхгүй байгаа шалтгаан нөхцөлийг сайжруулахад санал дүгнэлт гаргах зорилгоор хуулийн хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газар, аймгийн ИТХ-тай хамтран зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн зөвлөх Ч.Онончимэг, референт М.Мөнхзаяа, АИТХ-ын ажилтан н.Алтанчимэг, ГХБХБГ-ын удирдлага, холбогдох мэргэжилтэн, Батноров, Баянхутаг, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Хэрлэн, Баянмөнх сумын болон Бэрх, Хэрлэн Баян-Улаан тосгоны газрын даамлууд, багийн Засаг дарга нар оролцлоо.

Хэлэлцүүлгээр  хуулийн хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэл бэрхшээл, хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч газрын даамлуудад болон орон нутагт тулгамдаж байгаа асуудал, өмчлөлийн хуулинд өөрчлөлт оруулах санал зэргийг хэлэлцэн зөвлөлдөж, гарсан саналуудыг нэгтгэн УИХ-ын Тамгын газарт албан бичгээр хүргүүлэн ажиллалаа. Ажлын хэсэг хөтөлбөрийн дагуу иргэд, төрийн албан хаагчид, ажилтнуудаас санал асуулга авсан бөгөөд олон улсын аргачлалын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсанаас хойш есөн удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд дөрвөн удаагийнх нь хуулийн хугацааг сунгажээ. Үүний гол үндэслэл нь иргэдийн газар өмчлөлийн явц удаашралтай буюу 2017 оны газрын нэгдмэл сангийн тайлангаар улсын хэмжээнд нийт иргэдийн 18,3 хувь нь газар өмчилсөн үзүүлэлт гарсантай холбоотой юм.

 

Холбоотой мэдээ