Сайншандын онцлог хийгээд түүхэн үйл явдал, дурсгалт газруудаас...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-04-19 01:47:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас ерөнхий боловсролын сурагчдад орон нутгийн түүх соёлыг сурталчлах, хадгалж, хамгаалах, өв соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Сайншанд хотоо танин мэдэх аяллыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Залуучууд, дунд сургуулийн сурагчид, иргэдийн мэдлэгт нэмэр болох үүднээс амьдарч буй газар орон хэрхэн буй болсон, ямар цаг хугацааг туулсан, онцлог барилга байгууламж, анхны гэх тодотголтой зүйлүүдийн үнэ цэн нь юу болох тухай ахмадуудын хэлсэн үг, ном сударт бичсэн материал, түүхэн хүний дурсамжийн заримаас  хүргэж байна.


Докторын хөтөл


Одоогоос 80 гаруй жилийн тэртээ С.И.Агатов гэх орос эмч алс бөглүү Монголд ирэхдээ Дорноговийг зорин хязгаар нутгийн ард иргэдэд европ эмнэлгийн ач тусыг үзүүлж байсан төдийгүй аймагт анхны эмнэлгийн шан татаж байжээ.

"Сэрэлт" кинонд гардаг орос эмч шиг эхнэр Вера Акатовагаа дагуулан жолооч Борис, хэлмэрч Жигжид Бадмаев нарын хамт “Гирхаж” гэдэг модон хигээст дугуйтай ачааны маягийн жижиг машинд эм хэрэгсэл, шатахуунаа ачин ирж байж.

Акатов эмч хүнийг эмнэхдээ гаргууд сайн, өвчний оношийг зөв олдог бас ааш зан сайтай болохоор ард иргэдийн дунд нэр хүнд хүлээжээ.

Түүнийг Хатанбулагаас аймгийн төв рүү шилжин суурьших болоход сумын иргэд эмчээ явуулахгүй хэмээн үймээн гаргах дөхсөн гэдэг. 1934 онд орос эмчийн Дорноговь аймагт ажиллах томилолтын хугацаа дуусч нутаг руугаа буцах болоход  түүнд үзүүлж эдгэрсэн хүмүүс баяр талархлаа илэрхийлж, цайллага хийж хугацааг нь сунгаж өгнө үү хэмээн дарга нараас гуйж нулимс унагаж хоцорсон ажээ.

Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг. Ачтай орос эмчийнхээ ариун үйлсийг мөнхжүүлэх санаа ард иргэдийн дунд яригдаж түүний ирсэн, буцсан тэр замыг “Докторын хөтөл” хэмээн  олноороо  хэлэлцэн түүхэн нэр хайрласан нь өнөөг хүртэл үлдсэн байх.

“Докторын” хэмээн нэрлэгдсэн энэ хөтөл Сайншандад ирсэн, буцсан хүн болгоны сэтгэлийн орон зайд ямар нэгэн гэгээлэг дурсамж, дуртгалыг үлдээх мэт дотно санагдах буй.              

                                                                                                Холбооны байшин


Сайншанд хотын төвд 1969 онд  сүндэрлэсэн гурван давхар ягаан барилга тухайн үед хотын зүс царайд өнгө нэмж байлаа.

Холбооны байрыг аймгийн Барилга угсралтын конторын барилгачид барьсан бөгөөд аймгийн Намын хорооны II нарийн бичгийн дарга Л.Чанравваанчиг нээлтийн үг хэлж, Барилга угсралтын конторын ерөнхий инженер Б.Баатар байшингийн түлхүүрийг Холбооны газрын дарга  М.Базарт хүлээлгэж өгчээ.

Хуучнаар ЗХУ-ын сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон АТС-ын 500 номерын станц, тохилог зассан шуудан болон хот хоорондын ярианы төв заал, радио узель, ярианы ба концертын студи, цахилгаан мэдээний газар, зам тэжээлийн станц, техник засвар, амралт, соёл үйлчилгээний танхимтай байв.

Мөн Сайншанд болон Чойрт ЗХУ-ын хөрөнгөөр барьсан “Орбита” системийн хоёр станц 1975 онд ашиглалтад орсноор хотын оршин суугчид орбитын нэвтрүүлгийг бүрэн хөтөлбөрөөр, үндэсний нэвтрүүлгийг дүрс бичлэгээр үзэх болов.

Өнөөгийн холбооны газрын хөгжил дэвшлийн эх суурь ийнхүү тавигдаж байв. Говийн барилгачдын ур ухаанаар бүтсэн энэ барилга хагас зуун жил болсон ч сүндэрлэсээр.


Сайншандын хотын анхны төлөвлөлтийг хийсэн нь


Улсын барилгын зургийн институтын уран барималч Болгарын мэргэжилтэн Корачиров гэх хүн 1963 онд Сайншанд хотын хөгжлийн 10-15 жилийн төлөвлөгөөг боловсруулж аймгийн удирдлагад танилцуулан мөрдөх болжээ.

Харин П.Гэндэнжав гэдэг хүн  уг төлөвлөгөөнөөс санаа авч Сайншанд хотын төв, баруун, зүүн гурван тойрогтоо төлөвлөлт хийж орон сууцны хоёроос гурван хороолол байх, түүний захад усан оргилуур цэцгийн мандал, худалдаа үйлчилгээний төв, үзэсгэлэн бүхий соёл амралтын төв, цэцэрлэг байх, хотоо Сайншанд өртөөтэй таримал мод бүхий засмал замаар холбох, хойд хөтөл дээр амралт зугаалгын төв, цайны газар байгуулах зэргээр төлөвлөсөн байж.

Гэхдээ энэ төлөвлөлт төлөвлөлтийн дагуу бүрэн хэрэгжээгүй ч гэлээ хотын хөгжил дэвшилд зохих үр дүнгээ өгч өнөөгийн Сайншандын суурийг тавьжээ.

              Хотын хөгжилд өнгө нэмсэн 58 айлын орон сууцнууд


1980-аад оны үед аймгийн Намын Хорооны I нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ө.Пүлжин Сайншанд сумын нүүр царайг шинэчлэх, орон сууцжуулах асуудлыг тавьжээ.

Тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн дурдатгалаас үзэхэд, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо тус аймагт ирж ажиллаж байхдаа Улаанбаатар хот руу эргэн ярьж яам, тусгай газрын дарга нарыг дуудан ирүүлж, аймгийн төвд томоохон хурал зохион байгуулан, одоогийн 58 айлын орон сууцнуудыг барих, түүнтэй холбогдуулж төвлөрсөн уурын зуух бариулах асуудлаар сайд дарга нарт нэг бүрчлэн үүрэг даалгавар өгсөн түүхтэй.

Үүний үр дүнд  Сайншанд хот ихэр гэмээр зургаан орон сууцтай болсон төдийгүй I, II, III, IV 58 айлын барилгыг цэргийн анги V, VI 58 айлын барилгыг Барилга угсралтын контор барьжээ. Мөн VII, VIII дахь барилгыг барих төлөвлөгөөтэй байсан ч зах зээлийн нийгмийн харилцааны өөрчлөлтөөр зогссон аж.

Үүний дараа мах боловсруулах үйлдвэр зэрэг барилгуудыг барьсан юм. Түүгээр ч үл барам Ө.Пүлжин дарга аймгийн төвд Зөвлөлтийн бэлгийн сургуулийг бариулж /I сургууль/ одоогийн “Чандмань-Илч” буюу тэр үеийн төвлөрсөн зуухны өргөтгөлийг Хөдөлмөрийн баатар Б.Хэрлэн ахлагчтай бригадаар гүйцэтгүүлснээр өмнө тус тусдаа ажиллаж байсан 20 гаруй жижиг уурын зуухыг халсан гэдэг.  

  

                Анхны хатуу хучилттай авто зам тавив


1970-аад оны эхээр аймгийн Захиргаанаас хотын төвд зам тавих шийдвэр гаргаж төв гудамж болох одоогийн “Ажнай” компанийн байрны урдаас зүүн тийш нэг км орчим газар зам барих ажил өрнөв.

Тухайн үеийн албан газруудын ажилчдыг цуглуулж хайрга чулуу зөөлгөн, Зүүнбаянгийн барагшуны нефтийн шаар авчирч дэвсэн индүүдэж байсан нь  нэгэн шинэ ажлын эхлэл болсон байна.

Мөн одоогийн аймгийн ЗДТГ-ын араар баруунаас зүүн тийш тавьсан засмал замын эхлэлийг улсын Авто замын институтын мэргэжилтэн Г.Дашням гэх хүний удирдлагаар гүйцэтгэж байсан аж.

Өнөөх нефтийн шаар учиргүй халуун тул модон ултай шаахай өмсчихөөд хүнд нефтьтэй тостой шороог тарааж гишгэдэг байсан тухай хотын АДХГЗ-ны дарга асан Н.Цагаан-Өвгөн хуучилсан билээ.


              Сайншандад нисэх буудал байгуулав


Дорноговь аймгийн төв Сайншанд хотод 1952 онд хуучнаар ЗХУ-ын хөрөнгөөр “Сайншанд” нэртэй олон улсын агаарын тээвэрт үйлчлэх Оросын нисэх анги байгуулж  Москва, Улаанбаатар, Бээжингийн чиглэлд  “ИЛ-18”, “ИЛ -14” онгоцыг хүлээн авч буулган үйлчилгээ хийж өнгөрүүлдэг болсноос эхлэн аймгийн нисэх буудлын суурь тавигдсан түүхтэй.

1957 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Зөвлөлтийн нисэх анги эх орондоо буцаж өөрийн буудлаа нэг сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгөөр манай улсад бэлэглэсэн юм.

Түүнчлэн Цагаанцавын ногооны бригад, Хажуу Улааны уулын үйлдвэр, хил залгаа Өмнөговь, Дундговь Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар зэрэг газарт зорчигч, шуудан хүргэгч, эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх, зочин төлөөлөгч хүргэх ажлыг тусгай нислэгээр гүйцэтгэж байжээ.

Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжих үеэр аймгийн баруун урд төвлөрч тохижсон нисэх онгоцны буудлыг ашиглахаа больж түүний оронд Сайншандаар дайран өнгөрөх олон улсын нислэгийг удирдах төв байгуулжээ.


Холбоотой мэдээ