Индонезын сөрөг хүчний удирдагч өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-04-19 10:56:40

ЖАКАРТА. /TASS/. Индонезын сөрөг хүчний удирдагч Прабово Субианто өөрийгөө 2024 он хүртэл төрийн эрх барих Ерөнхийлөгчөөр зарлажээ. Ийм мэдэгдлийг тэрбээр пүрэв гарагт Жакарта хотод дэмжигчидтэйгээ уулзахдаа хийсэн байна.


“Би болон Сандиаг Уно /дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч/ 2019-2024 он хүртэл улс орны удирдагчид болсныг бид мэдээлж байна” гэж тэрбээр онцлон дурджээ. “Бид сонгогчдын 62 хувийн саналыг авсан, үүнээс гадна, одоогийн Ерөнхийлөгч Жоко Видодо сонгуулийн луйвар хийснийг нотлох баримт бидэнд бий” гэж Субианто хэлсэн байна.


Үүний сацуу, Индонез улсын харьцангуй нэр хүндтэй судалгааны агентлагийн мэдээллээс үзвэл, саналын хуудсын 99 хувийг тоолсны дараа Видодо сонгогчдын 54.4 хувийн саналыг авч, илт давуу ялсан байна. Харин түүний цорын ганц өрсөлдөгч 45.4 хувийн саналыг авч чаджээ. Харин Малайз, Сингапур болон Турк улсын эрх баригчид Индонезын одоогийн Ерөнхийлөгчид сонгуульд ялсанд нь баяр хүргэсэн байна.


Холбоотой мэдээ