Гурван түймрийг унтраахаар 294 хүн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-19 16:50:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэв. Энэ үеэр "улсын хэмжээнд өнөөдөр гурван түймрийн голомтод онцгой байдал, цагдаа, хилийн цэргийн 294 алба хаагч, 43 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа" тухай ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр хэллээ.



Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар, "Сэлэнгэ аймгийн Мандал, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарсан ойн түймрийг цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас 1,1 мянган га ой, 211,8 мянган га хээрийн талбай, нийт 212,9 га талбай түймэрт өртөж шатжээ.  Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллагаас нийт 1590 гаруй иргэн, 2 нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажилласан байна" гэв.


Ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон тухай мэдээллийг НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан өглөө.


Нийслэл хэмжээнд гарч байгаа  гал түймрийн 50 орчим хувийг ил задгай хаясан хогийн цэг, өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан дуудлага эзэлж байна. Шар өвс шатаасны улмаас энэ сарын 13-ны өдөр Богд уулын Богинын аманд түймэр гарч, 5 га талбай өртсөн бол 14-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо “Гоодойн ам”-д түймэр гарч, түймрийн улмаас 13 айлын зуслангийн байшин, гурван гэр, 15 га талбай шатаад байна. Мөн энэ сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зусланд түймэр гарч, түймрийн улмаас дөрвөн айлын зуслангийн байшин шатсан. Мөн он гарсаар нийслэлийн хэмжээнд гурван ой, хээрийн түймэр гарч, есөн га талбай түймэрт өртжээ.

Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг гаргаад байна.

Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны  04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хориглосон байна.
Холбоотой мэдээ