Жагсагчид Туркийн сөрөг хүчний удирдагчид дургүйцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-22 11:18:04

АНКАРА. /BBC/. Өнгөрсөн ням гарагт Туркийн сөрөг хүчний намын удирдагчийг нийслэл Анкара хотод цэргийн албан хаагчийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үеэр жагсагчид түүнд халдсан байна.


Бүгд найрамдах ардын намын дарга Кемаль Киличдароглуг арга хэмжээнд оролцож байх үеэр хилэгнэсэн хүмүүс түүн рүү дайрчээ. Тухайн үеийн дүрс бичлэгээс үзэхэд, хүмүүс К.Киличдароглуг хүчтэй түлхэж, зарим нь цохихыг завджээ.


Сөрөг хүчний удирдагчийг аюулаас хамгаалах хүчний ажилтнууд хамгаалж, цугласан олныг тарах хүртэл ойролцоох байшинд түр байрласан байна.


К.Киличдароглу Иракийн хилийн ойролцоо болсон Туркийн цэргийн албан хаагчид болон Курд босогчдын хоорондох мөргөлдөөний үеэр амиа алдсан цэргийн албан хаагчийн оршуулах ёслолд оролцож байжээ.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам болон үндсэрхэг үзэлт улс төрчид К.Киличдароглуг Курдүүдийг дэмждэг гэх Ардын ардчилсан намтай холбоотойг хүчтэй шүүмжилдэг ажээ. Харин Ардын ардчилсан намынхны хувьд уг мэдээллийг няцаасаар иржээ. 

Холбоотой мэдээ