Хүүхдийн зохиолч, ном бүтээгчдийн өдөрлөг эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-22 16:19:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүүхдийн ном-зохиогчийн эрхийн өдөрт зориулан “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д өнөөдөр нээлээ.

Өдөрлөгийн нээхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан Ринчинович, БСШУС-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ахлах референт Зимирёв Владимир Сергеевич, МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав,  Хүүхдийн хөгжмийн зохиолч С.Батболд, “Бүжинд тохиолдсон явдлууд” номын зохиогч Б.Индра нар оролцов.

Өдөрлөгийг “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монголын хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн -“Хүүхдийн зохиолын үндэсний төв”, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв хамтран зохион байгуулж байна. Мөн БСШУСЯ, Соёл урлагийн газар, Монголын СӨБ багш хөгжлийн төв бодлогоор дэмжин, МОНОС групп, ”Эмпати ертөнц” ХХК, мэдээллийн түнш МОНЦАМЭ агентлаг ажиллаж байна.


“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд хэлэхдээ, “Жил бүрийн хаврын номын баярыг угтан таван ажил зохион байгуулж буйн эхнийх нь энэхүү өдөрлөг юм. Хүүхдийн номд дуртай болох хандлага 6 хүртэлх насанд төлөвшдөг учир ном бүтээгч, эрхлэн гаргагч, багш, эцэг эхийн анхаарлыг хандуулахыг уриалж өдөрлөгөө зохион байгуулж байна. Ингэснээр зохиолч, редактор, зураач, хөгжмийн зохиолч, хэвлэн нийтлэгчдийн түншлэлийн харилцаа бий болгож сайн, чанартай хүүхдийн зохиол гаргахыг зорьж байна. Энэ жилийн зочин орон бол Орос улс. Тиймээс зочин орны дэмжлэгтэй энэхүү ажлыг зохион байгуулж байна” гэв.

Өдөрлөгийн үеэр, Хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн илтгэл, зөвлөгөөн, хүүхдийн зохиолчдын номын үзэсгэлэн, уулзалт, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийн ном сонгоход туслах зөвлөмжийг танилцуулж байлаа. Мөн 6 хүртэлх насны хүүхдэд зориулсан бүтээл гаргадаг нийт 80 гаруй зохиолч, байгууллага оролцон түншлэлийн харилцаа, хамтран ажиллах боломжоо эрэлхийлж байгаа юм. Түүнчлэн энэ өдөр иргэний номын санд зориулан “Номын давалгаа” аяныг эхлүүлж буйгаа зохион байгуулагчид хэлж байв.


Өдөрлөгийн үеэр ном бүтээгчид илтгэл тавив.


МУБИС-ийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуй “Хүүхдийн уран зохиолыг хөгжүүлэхэд бидний оролцоо” сэдэвт илтгэлдээ, “Зохиол бол зохиолчийн оюун санаанаас эхэлнэ. Зохиолч өөрөө уран зохиолын боловсрол, эх хэлний өндөр боловсрол, авьяас билэгтэй байж сайн зохиол бичнэ. Сүүлийн үед манайхан редакторыг орхигдуулаад байна. Редактор хүүхдэд зориулсан зохиол мөн үү, агуулга нь ямар байна, хэв шинжит дүр нь хаана байна гэхчлэн хариуцлагатай хандах ёстой. Хэчнээн гоё, хавтастай хэвлэсэн ном байлаа ч агуулга нь хүүхдэд үр өгөөжгүй ном ч гарч байна. Тиймээс хэвлэлийн газар, хүүхдийн зохиолч, уран бүтээлчид хамтран ажиллавал сайн ном гарна. Хүүхдийн ном хэвлэлийн хэл найруулга, үзэл санааг төрөөс хянаж шалгадаг байсан бол одоо алдагдсан. Хүүхдийн зохиолыг хянаж сайжруулахаас илүү хүүхдэд зориулсан ямар ном сонгон авч өгөх вэ гэдэг асуудал чухал. Тиймээс эцэг, эх тухайн номын агуулга, хэл найруулгыг сонгох боловсролтой байх шаардлагатай. Бүгд сайн уншигч байж, нэг хэсэг нь хүүхэддээ сайн ном бүтээе, нөгөө хэсэг нь сайн ном сонгон авч өгцгөөе” хэмээн уриалав.


Хүүхдийн номын редактор Ү.Мөнхзул “Хүүхдийн ном, хэвлэлийн редакторын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, “Үг үсгийн алдаа хянах, улаан балаар эрээчих бол орчин цагийн редакторын ажил биш, харин илүү хамтын ажиллагаа шаарддаг болсон. Үүнд зохиолч, зураач, редактор, номын дизайнерын үүрэг орж ирэх ёстой. Редакторын ажил нь орчин үед агуулга хөгжүүлэх, хэлбэрийг нь засаж сайжруулах, хэвлэлийн өмнөх үг үсгийн алдаа хянах буюу хог шүүрдэх ажил юм. Мөн редакторын “Алтан дүрэм” гэж бий. Хүүхдүүд өөрөөсөө “жаахан” том хүүхдүүдийн түүхийг уншихыг хүсдэг. Таны гол дүрийн баатар 10 настай бол уншигчид тань 7-9 насныхан байх болно. Тиймээс зохиолчид хүүхдийн стэгэлгээний түвшинд зохиолоо бичих ёстой. Редактор бол дотны найз, зөвлөгч, туслагч, өнгөлөгч, зүлгэгч, шүүрдэгч юм” хэмээн тодотгов.


Тус номын өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ. 


Холбоотой мэдээ