Толь хаданд 60 км орчмын цаана байдаг Хатан Сэврэй уул харагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-22 23:51:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ Дулааны улирал эхэлж иргэд аялалдаа гарч буй энэ үеэр Өмнөговь аймагт аялахдаа үзэх ёстой газрын нэг Толь хадыг танилцуулж байна.

Тус аймгийн Ноён сумын нутагт байрлах уг хад нь гялгар гадаргуутай бөгөөд түүнд ойр орчмын зүйлс харагддаг. 10 гаруй метр урт, 3 метр орчим өндөртэй уг хад сумаасаа холгүйхэн байдаг. Орос цэргүүд буудаж уг хадыг сүйтгэсэн хэдий ч дараа нь нутгийнхан сэргээн засварласан байдаг. Нутгийн ардуудын ам дамжсан домогт хатан ноён хоёр маргалдаж ноёндоо туньсан хатан барьж байсан толио шидсэн нь ийнхүү толь хад болсон гэх. Уг Толь хаднаас 60 км орчим зайтай байдаг Хатан Сэврэй уул уг толинд харагддаг. Мөн Ноён уул уг хаднаас холгүй байдаг билээ. 

Харин судлаачид эрт цагт уулын тектоник том цохио чулуу хөнхөрч гулсахдаа бусад чулуутай хавиралдан үрэлдсэнээс үүдэн тогтсон гялгар гадаргуу хэмээн үзсэн байна. 

Өмнөговь аймгийн төвөөс 200 гаруй километрийн зайд орших Гурвантэс сумын Баясах баг орчим, Ноён сумын Толь хад, Саран хөндий орчмын нийт 32 мянга орчим га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Мөн Ноён богд уул, Толь хад нь тус аймгийн есөн гайхамшгийн нэг юм. 

Холбоотой мэдээ