Ховд аймагт 21808 хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Засгийн газраас 2-12 хүртэлх насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх зорилгоор “Эрүүл
шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Ховд
аймгийн ЭМГ-аас тус хөтөлбөрийн нээлтийг өчигдөр аймгийн төв талбайд зохион
байгууллаа.
Уг хөтөлбөрт Ховд
аймгийн 17 сумаас 21808 хүүхэд хамрагдаж, ЭМД-аас олгох 60 мянган төгрөгөөр амны
хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж,
үйлчилгээ авах юм.
Сонгон шалгаруулалтад тэнцэж, ЭМД-ын байгууллагатай гэрээ байгуулсан Содон
сондор, Сувдан шигтгээ, Хаш сондор гэсэн хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт хүүхдүүд хуваарийн дагуу эмчлүүлэх бөгөөд эхний ээлжинд буюу энэ онд 2-6 хүртэлх насны
хүүхдийг түлхүү хамруулахаар зорин ажиллаж байна гэж салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.
Хаш
сондор шүдний эмнэлэг нь Жаргалант сумын Буянт, Жаргалан ӨЭМТ-д харьяалалтай болон Алтай, Буянт, Зэрэг, Мянгад, Цэцэг сумын хүүхдүүдэд үйлчилнэ.
Харин Сувдан шигтгээ шүдний эмнэлэг нь Бугат, Баатархайрхан ӨЭМТ-д харьяалалтай
болон Булган, Дарви, Мөст, Үенч, Ховд, Чандмань сумын хүүхдүүдэд үйлчлэх юм.
Мөн Содон сондор
эмнэлэгт Рашаант ӨЭМТ-ийн харьяаллын болон Дөргөн, Дуут,
Манхан, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сумын хүүхдүүд амны хөндийн эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээ авахаар хуваарилсан байна.