Хэлний соёлын зөв харилцааг их сургуулиудаасаа эхэлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-23 18:17:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СУИС-ийн Соёлын сургуулийн Монгол хэл, хэлний соёл судлалын профессорын багаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Хэлний соёл судлал-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо.


Уг хуралд Монголын хэл шинжлэлийн ухааны судлаач, эрдэмтдийн дэвшүүлсэн саналуудыг толилуулья.


СУИС-ийн Соёлын сургуулийн захирал, дэд профессор Б.Баяраа:

- Аливаа их сургууль өөрийн улс эх орны өмнө хоёр том үүрэг хүлээдэг. Нэг нь бол, мэдээж сургалтаа чанартай, сайн зохион байгуулах, хоёр дахь нь эрдэм судлалаа хөгжүүлэх явдал байдаг. СУИС өөрийн онцлогтой, соёл урлагийн чиглэлийн сургууль хэдий ч эрдэм судлалыг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг чанд барьж амжилттай ажиллаж ирсэн. Үүний нэг жишээ нь, СУИС-д профессорын 10 баг байдаг. Эдгээр багт өөрийн салбартаа танигдсан, нэр хүнд бүхий профессорууд ажилладаг бөгөөд сургуулийнхаа судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүтээл туурвих, төсөл хөтөлбөр санаачлах, хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийдэг.

Соёлын сургууль 3 профессорын багтай. Соёлын сургууль нь профессорын багуудынхаа ажлыг идэвхжүүлэх чиглэлээр ОХУ-ын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуультай идэвхтэй хамтран ажилладаг. Бид суурь судалгааны хүрээнд хамтарсан бүтээлтэй болохын тулд нэгдүгээрт соёл судлал, хоёрдугаарт соёлын удирдлага, гуравдугаарт хэлний соёл судлал гэсэн 3 чиглэлээр хамтарч ажиллаж байна. Монгол хэл, хэлний соёл судлалын профессорын баг нь өөрийнхөө чиглэлээр профессоруудтайгаа амжилттай ажиллаж байна.


МУСГЗ, орчуулагч, хятад хэл судлаач М.Чимидцэеэ:

-Би бол орчуулагч хүн. Хятадын эртний сонгодог, орчин үеийн, сургаалын  зохиолуудыг орчуулдаг. Миний орчуулгын ажилд байнга тулгамддаг асуудал бол соёлыг хэрхэн орчуулах вэ гэдэг асуудал. Манай уламжлалт орчуулгын зарчим бол үгчлэх, утгачлах юм. Аль болох үгчлэхгүй утгачлах юм бол сайн орчуулга болно гэж үздэг. Энэ бол чухал баримтлал. Гэтэл сүүлийн үед дандаа утгачилж болохгүй болов. Жишээ нь, соёлыг байнга утгачлаад байвал нэг үндэстэн, угсаатны соёлыг нөгөө үндэстэн угсаатанд таниулахад учир дутмаг болдог. Тийм учраас соёлын орчуулгыг идээшүүлэх үү, ондоошуулах уу гэдэг асуудал бол гол сэдэв юм. Миний илтгэлийн гол зорилго нь гаднын соёлыг дандаа таарах монгол үгээр нь оноож тавиад идээшүүлж аваад байх уу, эсвэл гадны соёлыг зарим тохиолдолд ондоошуулж авах уу гэдэг чухал асуудал юм. Гэхдээ аль нэг тал руу нь туйлширч болохгүй л дээ. Хэмжээг нь тааруулах хэрэгтэй. Зохистой газар нь идээшүүлэх, зохистой газар нь ондоошуулах хэрэгтэй. Тэгсний дараа тухайн үндэстэн угсаатны соёлыг таньж мэддэг болно.

Энэ хуралд анх удаа оролцож байна. Их чухал, маш сонирхолтой, сайхан илтгэлүүд хэлэлцэж байна. Хүмүүс сонирхолтой судалгаанууд хийж, судалгааныхаа үр дүнг олонд таниулж байгаа нь их чухал юм. Миний соёлын орчуулгын ажилд хурлын илтгэлүүд ач тустай байна.


МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Т.Эрдэнэ-Очир:

-Өөр соёл, өөр хэлтэй үндэстнүүдийн хоорондох хэлний орчуулга нь хэл шинжлэлийн онолд тулгамдаж буй асуудал болоод байна. Тэгэхээр үүнийг ямар арга зүй баримталж шийдвэл зохистой юм бэ гэдэг онол арга зүйн хайгуул нэг талаас бий болсон гэж хэлж болно. 20-р зууны сүүл, 21-р зууны эхнээс авахуулаад хэлийг зөвхөн хэлнийх нь бүтэц тогтолцооных нь хүрээнд судлах биш өөр бусад шинжлэх ухаануудтай харьцуулж дундын арга зүйгээр боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна. Миний судалгааны ажил бол монгол, англи зүйрлэсэн хэллэг буюу зүйр цэцэн үгийн жишээгээр яаж орчуулбал зүйтэй юм бэ гэдэг талаар санал дэвшүүлж илтгэл хэлэлцүүллээ. 

СУИС-ийн Соёлын сургуулийн Монгол хэл, хэлний соёл судлалын профессорын багийн тэргүүлэх профессор Ж.Баянсан миний докторын ажлыг удирдсан юм. Хэлний соёл судлалын эцэг гэж нэрлэж болох энэ хүн энэхүү хурлыг өнгөрсөн оноос эхэлж зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой.  Хэлний соёл судлалын онолын дагуу зөвхөн хэлний нэгжийг гэлтгүй урлагийн зүйлүүдийг бүжиг, дуунд үндэсний сэтгэлгээний онцлог хэрхэн туссаныг тайлбарлаж байгаа нь чухал ач холбогдолтой.


МУИС-ийн монгол хэлний тэнхмийн багш Ч.Баттулга:

-Сүүлийн үед монгол хэлний хэрэглээ, үүргийн талаар судалгаа хийж байна. Яагаад энэ талаар судалж байна вэ гэхээр, залуу хүмүүс монгол хэлээрээ ойлголцохгүй болж байна. Монголоор яриад байгаа мөртөө ойлголцохгүй болж байна. Өнгөрсөн жил энэ хуралд “Хараалын үгний тухай” илтгэл хэлэлцүүлж байсан. Хэл бол хүмүүсийг хоорондоо ойлголцоход нь туслах үүрэгтэй. Энэ үүргээ алдчихсан юм шиг санагддаг. Энэ бол хэлний соёлын нэг том асуудал юм. Энэ байдлаас яаж гарах вэ, хүмүүсийн ухамсар сэтгэхүйг өөрчлөх вэ гэдэгт хэлний болон соёлын эрдэмтэд асар их үүрэгтэй. Энэ удаагийн миний илтгэлд Бурхны шашны “Маань хөгжөөх” зан үйлийн талаар хөндлөө. Хүүхэд, залуучуудад шашин шүтэх соёлыг зөв таниулахгүй бол мэдэхгүй зүйлээ дайсан хэмээн үздэг шүү дээ. Түүнийг ойлгуулахын тулд бурхны шашны талаар ярилаа.



СУИС-ийн ТУС-ийн ахлах багш, ярих урлагийн тэнхмийн эрхлэгч Б.Даваа:

-Хэлний соёл судлалыг үе үеийн олон эрдэмтэд судалдаг, маш үнэтэй, нарийн судалгаануудыг хийдэг. Гэтэл хэлний соёл нь хүний бодит амьдрал дээр яаж бууж, хэрэгжиж байгаа талаар хэлэх, ярих шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хэлний соёлыг тээж түгээх, хэлний хэмжүүр гэдэг зүйлийг тогтооход уран уншлагын урлаг хамгийн үнэтэй, бодит хувь нэмрээ оруулдаг урлаг гэж би боддог. Тэр дундаа энэ урлагийг хийж байгаа үйлчин болох уран уншигчид, жүжигчид олон жилийн дасгал сургуулилтын үр дүнд ном ёсоор нь хийж, чадвар болгосон энэ хүмүүсээс л ард түмэн суралцаж, үлгэр жишээ авч байдаг юм.


Ийнхүү эрдэмтэн багш нар хэл соёлын харилцааг их сургуулиудаасаа эхэлье гэсэн санааг дэвшүүллээ.



Холбоотой мэдээ