Ч.Хүрэлбаатар: 2021 оноос бондын өр төлж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-24 13:29:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр танилцуулав. Сангийн яамнаас Монгол Улсын эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, мөн Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжсэн байна. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Монгол Улсын эдийн засаг 2020 онд 6.3 хувь, инфляцийн түвшин 8 хувьтай байна гэж тооцсон. Мөн гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцож байна.  2020 онд төсвийн алдагдал ДНБ-ний эзлэх хувь хэмжээгээр 5.1 хувьтай байхаар тооцсон нь энэ оныхоос 0.3 функтээр сайжрах юм.


Ирэх онд Засгийн газраас хэрэгжүүлэх үндсэн чиглэлд нийт 37 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй ажил тусгах санал ирсэн. Үүнээс санхүүжих эх үүсвэр, хэрэгжих боломжтой нь уялдуулаад нийт 10 их наяд төгрөгийн 116 ажлыг үндсэн чиглэлд тусгалаа. Тухайлбал, Улсын төсвөөс хэрэгжүүлэх ажилд 6 их наяд төгрөгийн санал ирсэн. Үүний 3.4 их наяд төгрөгийн ажлыг хэрэгжих боломжтой гэж үзээд, төсөвт суулгасан. Мөн урсгал зардалд 3.7 их наяд төгрөг төсөвлөх санал ирснээс 1.3 их наяд төгрөгийг нь тусгасан.


Төсвийн мэдэгдэлд тодорхой хэмжээний зардал суулгаж өгсөн. Тухайлбал, цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэхээр оруулсан. Мөн төрийн албаны тухай болон баталсан бусад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал нэмсэн.  Хөрөнгө оруулах 2019 оны зардлыг нэмж тусгасан. Учир нь сонгуулийн жилд хөрөнгө оруулах ажил төлөвлөхөөр хэрэгждэггүй. Тиймээс энэ ондоо гол хөрөнгө оруулах ажлаа хийж, ирэх онд эхэлсэн ажлаа дуусгах ёстой гэсэн үндсэн зарчмыг баримтална. Гэхдээ Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Байгалийн түүхийн музей, Үндэсний их театрын барилгын ажлыг улсын төсөвт суулгах тооцоог харгалзаж үзсэн. Мөн иж бүрэн номын санг 2020 онд ашиглалтад оруулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Үүнтэй холбоотой тоног төхөөрөмж авах мөнгийг төсөвт суулгасан. 2017, 2018, 2019 онд эхэлсэн бүтээн байгуулалтуудыг дуусгахад зориулан 2020 оны төсөвт 930 тэрбум төгрөг суулгасан. Төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 9.2 хувь байсныг ирэх онд 8.6 хувь болгож бууруулахаар тооцсон.


Засгийн газрын өрийн байдал, 2016 оны төгсгөлд, ДНБ-ний 78.8 хувийг эзэлж байсан бол, өнгөрсөн оны төгсгөлд 58.9 хувь болж буурсан. Төсөвт дарамт болдог барих, шилжүүлэх ажлыг энэ онд хийхгүй. Арилжааны хувьд, дотоод, гадаадын бонд авахгүй гэсэн бодлогыг баримталж байгаа.  2021 оноос томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Тухайлбал Мазаалай бондын 600 сая ам.доллар, 2022 онд Чингис бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.доллар зэрэг нийт 2.9 тэрбум ам.долларын өрийг төлөх учиртай. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулж өгсөн. Цаашид гадаад зээлийг авахдаа, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр ашгийг сайтар тооцож байж авах хэрэгтэй. 


Засгийн газар үнэт цаасыг блокчейн технологиор дамжуулан иргэн, ААН-д шууд худалдах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна.


Улсын төсөв энэ оны эхний улирлын байдлаар, 196 тэрбум төгрөгийн ашигтай байна. Өрийн хэмжээ ДНБ-ний 93 хувьтай тэнцэж байсан үе бий. Харин дээрх арга хэмжээг авснаар, Засгийн газрын өрийг ДНБ-ний 54 хувьтэй болгож бууруулахаар төлөвлөсөн. 


Нэг зүйл нэмж хэлэхэд, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулдаг байсан. Үүнийг 2020 оноос Төрийн санд төвлөрүүлэх бодлого баримтална. Арилжааны банкнаас тодорхой хүү авсан ч банкны дампуурлаас нэлээд хөрөнгө алдах эрсдэл үүсдэг. Тиймээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын тэтгэвэр авдаг иргэдийнхээ эрх ашгийг бодох хэрэгтэй. Капитал банкны нөхцөл байдал хүндрээд дөрвөн жил гаруй болсон. Тус банкинд 2016 оноос хойш мөнгө байршуулаагүй бөгөөд, байршиж байсан сангийн мөнгийг татах арга хэмжээг авсан” гэв.

Холбоотой мэдээ