ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулжээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-04-24 14:16:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг цагдаагийн байгууллага саатуулсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулав.


Тэрбээр, “АТГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд зааснаар, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлтэй Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Хэргийг УЕПГ-аас харьяалал тогтоож, өнгөрсөн баасан гарагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллага уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэрэгт холбогдуулан Б.Хурцыг өчигдөр шөнө хойлшлуулшгүй арга хэмжээ авч саатуулсан. Одоогоор үргэлжлүүлэн хорих асуудлаар прокурорын байгууллагад санал хүргүүлээд байна. Прокурор, шүүхийн байгууллагаас үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай” гэв.


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүдэн шүүж байгаа дүрс бичлэгийг тагнуулын байгууллага сэргээсэн. Уг бичлэгийг албан хэрэгцээнд ашиглахаар улсын нууцаас гаргасан бөгөөд УИХ-ын гишүүдэд хаалттай горимоор үзүүлсэн. Мөн энэ сарын 29-нд дээрх бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлэх үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ, “Эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг шалгах хэрэгтэй” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ