Ц.Анударь “Токио-2020” олимпын эрх авлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-24 16:30:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буудлагын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж байна. Тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй боллоо.


Монголын баг тамирчдаас “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг ийнхүү Ц.Анударь авч байгаа юм. Тэрбээр 22 настай бөгөөд олон улсын тэмцээний өсвөрийн болон залуучуудын ангилалд амжилтаа ахиулсаар, 2017 оноос насанд хүрэгчдийн тэмцээнд оролцох болжээ.


Ц.Анударь энэ удаагийн “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд зургадугаар байрт шалгарсан боловч нэгээс дөрөвдүгээр байрыг эзэлсэн тамирчид Токиогийн олимпын эрхээ авчихсан байсан учраас Токиог зорих эрхтэй болжээ. “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 28-нд дуусна.

Холбоотой мэдээ