Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх Төрийн айлчлал эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-24 18:54:16

Бээжин /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-28-ны өдөр тус улсад хийх төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 8:10 цагт Бээжин хотод хүрэлцэн ирсэн бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй төлөөлөгчид угтан авав.

Айлчлалын хүрээнд, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм. Мөн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад  БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхана.

Маргааш буюу 25-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгыг албан ёсоор угтан авах ёслол Хятадын Ардын Их Хурлын ордонд болно. Түүнчлэн айлчлалын хүрээнд, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга Мазаалай хамгаалах төслийн үйл ажиллагаа, Монгол, Хятадын Жүдо бөхийн тамирчдын хамтарсан үзүүлэх тоглолтод оролцож, Хэбэй мужийн Цаофэйдиан боомттой танилцах юм.

Мөн энэ сарын 26,27-ны өдөр Бээжин хотод зохион байгуулах “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм. 


                                                                                                               А.Анхбаяр

Холбоотой мэдээ