Хиймэл бороо оруулах туршилтад дрон ашиглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-04-25 15:26:05

СӨҮЛ. /Yonhap/. Хиймэл бороо оруулах туршилтад дрон ашигласан тухай БНСУ-ын Засгийн газраас пүрэв гарагт мэдээлэв.


Солонгосын агаарын орон зайн судалгааны институт болон Цаг уурын шинжлэх ухааны үндэсний институтийн мэргэжилтнүүдийн хамтран явуулсан туршилтад 200 килограмм жинтэй “TR-60” дроныг ашиглажээ.


Уг туршилтыг нийслэл Сөүл хотоос 470 километр зайд оршдог Гохюн нислэгийн төвийн агаарын орон зайд явуулсан байна. Агаарт таван цагийн турш нисэх чадалтай дрон кальцийн хлоридоос бүрдсэн нэгдлийг агаарт ялгаруулжээ.


Хиймэл бороог ихэвчлэн нисэх онгоц илгээн оруулдаг бөгөөд энэ нь өртөг өндөр байдагтай холбоотойгоор уг туршилтыг явуулсан байна. Дронуудыг хянах хийгээд алсаас удирдах нь илүү хямд байх юм.


"Туршилтын үр дүнг сайтар судалсны дараа танилцуулна" гэж Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамнаас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ