Газрын тосны чиглэлээр сурч буй оюутан залуус сургалтын урамшуулал авна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-04-25 17:12:55

Дорнод /МОНЦАМЭ/ Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу “Сургалтын сан”-д жил бүр 400 орчим сая төгрөг төвлөрдөг байна. Тэгвэл энэ оноос дээрх сургалтын урамшууллын хөрөнгийн 50-аас доошгүй хувийг Дорнод аймгийн хүүхэд, залуусыг сургахад зарцуулахаар тогтжээ.

Энэ тухай өнгөрсөн оны төгсгөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар, “Петрочайна Дачин тамсаг” компани, Дорнод аймаг гурван талт хамтын ажиллагааны хэлэлцээрээр баталсан .

“Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу газрын тос, уул уурхайн мэргэжлээр дотоодын болон гадаадын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын сургалтад хамрагдах иргэн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юм. Сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын хэвлэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсаар сонгон шалгаруулалт болохоос 30 хоногийн өмнө зарлах юм байна. 

Холбоотой мэдээ