Малын хулгайн гэмт хэрэг буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-26 12:20:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хулгайлах төрлийн гэмт хэрэг үүн дундаа малын хулгайн гэмт хэрэг жилээс жилд өсч, тус аймгийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын нэг болоод байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар энэ төрлийн 45 хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс хоёр дахин өссөн байна.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар аймгийн цагдаагийн газар 121 сая төгрөгийн хохиролтой, 104 бод, 170 бог мал хулгайлсан 21 гэмт хэргийг илрүүлжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эргэн төлүүлэх ажлыг шат дараатайгаар хуулийн хүрээнд явуулж байгаа аж.

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 04 тоот тогтоолоор дэд хөтөлбөрийг батлуулж, хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн тодорхой ажил, арга хэмжээг авч ажиллаж байна. Гэвч Дорнод, Хэнтий аймагтай хил залгаа сумдад малын хулгай буурахгүй байна. Цагдаагийн газар гарсан хэрэг зөрчлийг илрүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Гэхдээ үүнээс өмнө урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Малын хулгайг бууруулахын тулд дан ганц цагдаагийн байгууллага гэлтгүй иргэд, малчдын бүлэг холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлж, хамтран ажиллах явдал маш чухал байна. Нэг үгээр хэлбэл энэ ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгож байж үр дүнд хүрнэ гэж аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Цоодол хэллээ. 

Холбоотой мэдээ