Эрдоган: Халдлага үйлдсэн этгээдийн тухай бид Бельгид анхааруулсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-24 10:55:23

АНКАРА. /Anadolu/. Мягмар гарагт Брюссель хотын нисэх буудалд болсон халдлагад оролцсон этгээдүүдийн нэгийг 2015 оны зургадугаар сард бид улсаасаа албадан гаргасан гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.

Өчигдөр Анкара хотод Румыны Ерөнхийлөгч Клаус Йоханнистай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Эрдоган, өнгөрсөн жил Туркийн зүүн өмнөд нутгийн Газиантеп мужид баривчлагдсан этгээд гадаад босогч байсан тухай Бельгид анхааруулсан гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, энэ хүн бол гадаад террорист гэж бид анхааруулсан боловч түүний террорист холбоог Бельги илрүүлж чадаагүй гэж мэдэгдсэн байна.

Үүний дараа Туркийн Гадаад хэргийн яамны эх сурвалж халдлага үйлдсэн уг этгээдийн нэрийг Ибрагим эль-Бакроуи гэж мэдэгджээ.

"Дэлхий даяараа улс төрийн холбоо үүсгэх замаар л терроризмыг устгаж чадна. Дэлхий дахин террор, террорист, терроризм гэж юу болохыг дахин тодорхойлох шаардлагатай” гэж Эрдоган мэдэгдэв.

Террорист заналхийлэлд хариу арга хэмжээ авах ажиллагааг бид нийтлэг бөгөөд тодорхой зорилгоо болгох ёстой гэдэгт Йоханнис санал нэгдээд, ЕХ-нд тулгамдсан олон асуудлыг зохицуулахад Турк чухал үүрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ