С.Ганцэцэг: Олон улсын тамирчидтай хурд хүчээ сорихсон гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-30 17:40:12

Хэнтий /МОНЦАМЭ/ Өвлийн спортын нэг болох тэшүүрийн спортоор Хэнтийчүүд сүүлийн жилүүдэд амжилт арвин байна. Ийнхүү амжилтаар буухиалагчдын нэг нь Дэлгэрхаан сумын ахмад тамирчин, спортын мастер Саранхүүгийн Ганцэцэг юм. Хэнтийн эмэгтэй тэшүүрчдийн амжилтыг зузаатгаж,  хүүхэд ахуй наснаасаа одоог хүртэл их спортоороо тууштай хичээллэн, ирээдүй хойч үеэ бэлтгэн буй түүнтэй ярилцлаа.


-Анх яагаад тэшүүрийн спортоор хичээллэх болсон юм бэ?

-Дэлгэрхаан суманд Тэшүүрийн спортын Аймгийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тухайн үед би хоёрдугаар ангийн жаахан хүүхэд байлаа. Тамирчдыг хараад үнэхээр сонирхолтой санагдаж, энэ спортоор хичээллэж эхэлсэн дээ. Анх ах маань эсгий гуталны уланд тэшүүр уяж байгаад гулгахыг зааж өгч байсан. Сүүлдээ дүү нартайгаа бүгдээрээ гулгадаг болж, сумынхаа Ц.Сүнсэлтуяа багшийн удирдлага дор тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн түүхтэй.

-Хамгийн анхны тэмцээнээ дурсвал?

-Хамгийн анх Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар ангидаа орж, аварга болж байлаа. Түүнээс хойш маш олон тэмцээнд оролцож, олон амжилт гаргасан. Тэр дундаа 1989 онд Булган аймагт зохион байгуулсан  Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Улсын аварга болж байсан маань сурагч насны минь хамгийн том амжилт гэж боддог.  

-Таны аав ээж спортыг тань маш сайн дэмжинэ биз?

-Тэгэлгүй яахав. Аав ээж маань намайг спортоор хичээллэхэд их дэмждэг байсан. Аав маань Батноров сумын уугуул Д.Саранхүү гэж насаараа нягтлан бодогч хийсэн хүн байлаа. Харин ээж маань Баянмөнх сумын уугуул насаараа бага ангийн багшаар ажилласан хүн бий. Гэр бүлийнхээ дэмжлэг, багш нарынхаа итгэлийг алдахгүй гэж маш их хичээдэг байсан даа.

-Та өөрийн гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай гэр бүлийн хүнийг Ц.Хүрэлбаатар гэдэг. Малын эмч мэргэжилтэй хүн. Бид 1996 онд гэр бүл болж, одоо дөрвөн сайхан хүүгийн аав ээж болсон байна. Хоёр бага хүү маань намайг дагаж тэшүүрийн спортоор хичээллэж байна. Хөвгүүд маань 2017 онд Чингис хааны цомоос мөнгө, хүрэл медаль, 2018 онд Чингис хаан цом, 2019 онд Улсын аваргын хүрэл медаль авсан  амжилт гаргаад байгаа. Хөвгүүдээ би өөрөө дасгалжуулдаг.

-Тэшүүрийн спортын онцлог нь юу юм бэ?

-Спорт болгон тамирчин хүнээс хурд хүч, авхаалж самбаа шаарддаг. Харин тэшүүрийн спорт дайчин чанарыг илүү шаарддаг юм шиг санагддаг. Энэ спортоор хичээллэснээр хүн эрүүл саруул, идэвхтэй амьдарч болно. Миний хувьд өмнө нь бэртэл авч, гулгахгүй хэсэг удсан. Гэтэл бие маань өвдөж эхэлсэн. Ингээд эргээд гулгаад эхэлтэл бие маань сайжирч, хэвийн байдалдаа орсон доо.

- Шавь нараа бэлтгэж байна уу?

-Мэдсэн сурсан туршлагаасаа залуу хойч үедээ зааж сургахсан гэсэн бодол байлгүй яахав. 2006 онд Дэлгэрхаан сумандаа хэдэн хүүхэд аваад дасгалжуулж байсан. Дараа нь 2017 оноос дахин хүүхдүүдтэй хичээллэж байгаад завсарласан. Одоо Ц.Сүнсэлтуяа багшийн удирдлага дор сурагчид тэшүүрийн спортоор хичээллэж байна. Сурагчид маань Чингис хаан цомоос алт, мөнгө, хүрэл медаль аваад байна.

-Таны хувьд хэзээнээс ахмад гэсэн ангилалд багтах болов. Хувийн амжилтаасаа бидэнд хуваалцаач?

-2006 оноос ахмадын ангилалд орсон. Миний хувьд 45-50 насны ангилалд Монгол Улсын эмэгтэй тэшүүрчдийн дээд амжилтыг эзэмшдэг. Энэ амжилт маань нэг минут, нэг секундийн амжилт байдаг. 2017 оноос хойш улсын чанартай тэмцээнүүдэд түрүүлж ирсэн.

-Та тэмцээнд явах бэлтгэлээ ямар хугацаанд хангадаг вэ?

-Яг үнэндээ сүүлийн жилүүдэд ажлын цаг зав багатай учраас бэлтгэл хийлгүй тэмцээндээ оролцож байна. Жилд гурван тэмцээнд ордог. Ажлаа хийж байгаад л тэмцээндээ ордог доо. Дасгал сургуулилт чухал ч, сэтгэл санааны бэлэн байдал гэдэг амжилтад хамгийн чухал нөлөөтэй байдаг юм. Би 2008 оноос хойш Петровис ХХК-ийн ШТС-ын түгээгчээр ажиллаж байна.

-Таны ойрын зорилго юу вэ?

-Ямарч байсан би гулгаж чадахаа болих хүртлээ энэ спортоор хичээллэж, улсын чанартай тэмцээнүүддээ оролцсоор байх болно. Харин ойрын зорилго гэвэл олон улсын тамирчидтай хурд хүчээ сорихсон гэж боддог. Ирэх жил Ахмадын олимпийн наадам болно.  Энэ наадамд оролцох хүсэл байдаг шүү. Гэхдээ олон тамирчин тэмцээнд оролцох  зардал, санхүүжилтээс болж  олон улсад гарч чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг даа. Дэлгэрхаан сумын удирдлагууд маань тэмцээн уралдаанд явахад боломжоороо дэмжиж ажилладагт талархаж явдаг.  

Нэг үе мөхөж мэдэх спортын төрөлд багтаж явсан тэшүүрийн спортыг Хан Хэнтий нутагтаа одоо хэр нь хөгжүүлж, Хэнтий гэдэг нэрийг Улсдаа олонтаа өргөж яваа ахмад тамирчиндаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.  

Бор зүрх, улаан гараараа босгоод ирсэн тамирчдын амжилтаар сум, аймаг орон нутаг бахдах дуртай ч боломжийг нь олгоод, дэмжээд тэтгээд явахдаа тийм ч идэвхтэй бус. Тэшүүрийн спортод энэ л насаа зориулж, зүтгэж, хөдөлмөрлөж яваа дайчин бүсгүйн олон улсын тамирчидтай хурд хүчээ үзэхсэн гэсэн зорилгыг сум, аймаг орон нутгаас дэмжээд өгвөл ирэх жилийн Ахмадын олимпод Хэнтийн нэрээ олон улсын тавцанд цууриатуулах боломж ойрхон байна.       

Спортын мастер С.Ганцэцэгийн амжилтууд:

1985 онд Аймгийн аварга

1987 онд Аймгийн аварга

1988 онд Улсын аваргаас 2 мөнгө, 2 хүрэл медаль

1989 онд Улсын аварга,  2 алт, 3 мөнгөн медаль

1990 онд Оюутан пионёр сурагчдын аварга, МТХ-ны тэмцээнээс 3 алтан медальп

2005 онд Биеий тамир, спортын  газрын Хүндэт тэмдэг

2006 онд Ахмадын улсын аваргын 2 хүрэл медаль

2008 онд Ахмадын Улсын аварга

2008 онд МБАТ XII наадмын Аймгийн аварга, 2 алтан медаль

2008 онд Спортын алдар тэмдэг

2015 онд Тамирчны алдар тэмдэг

2017 онд  Мастеруудын Улсын аварга

2017 онд Чингис хааны цомоос мөнгөн медаль

2017 онд Монгол Улсын спортын мастер цол

2018 онд  Чингис хааны цом, алтан медаль

2019 онд Чингис хааны цом, алтан медаль

2018 онд Мастеруудын Улсын аварга, 2 алтан медаль

2018 онд Олимпийн хорооны Олимп медаль

2018 онд Хан Хэнтийн алдартан тэмдэг

2018 онд Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан

2019 онд Мастеруудын Улсын аварга

2019 онд Ахмадын Улсын аварга

2019 онд Монголын мастеруудын холбооны Тэргүүний ажилтан

 

Холбоотой мэдээ