Нутгийн удирдлагын ордны өмнөх зогсоолд зөвхөн иргэд машинаа тавьж байхаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-01 13:56:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас нэгэн өвөрмөц санаачилга гарган хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь Нутгийн удирдлагын ордны өмнөх машины зогсоолд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид машинаа тавьдаг байсан бол өнөөдрөөс тэнд зөвхөн төрийн үйлчилгээ авах иргэд машинаа байрлуулахаар болжээ.

2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, иргэдэд төрийн үйлчилгээг аль болох хүндрэл чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, чанартай хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд иргэд рүү чиглэсэн сургалт, мэдээлэл, зөвлөгөө гээд олон үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж байгаа юм.

Харин энэ удаа аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид албаны болон өөрсдийн машиныг Нутгийн удирдлагын ордны ард тал, зүүн талд байрлуулдаг болсоноор иргэдээ хүндэтгэн, машины зогсоолыг чөлөөлж, тэдэнд цаг алдалгүй төрийн үйлчилгээг авах боломжийг олгож байгаа ажээ.

Аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн ажилтан С.Цэнгэлмаатай холбогдон энэ талаар тодруулахад энэхүү үйл ажиллагааг зохицуулсан ямар нэг захирамж, шийдвэр гараагүй, аймгийн ЗДТГ-аас санаачилга гарган зохицуулалтыг хийсэн хэмээн мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ