Хуучин хогийн цэгийн талбайг ашиглан цэцэрлэгт хүрээлэн байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-03 13:09:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дээрх хуучин хогийн цэгийн 204 га газрыг түрж, булах ажил эхэллээ.

Энэхүү ажил нь аймгийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр хийж байгаа юм. Аймгийн удирдлагуудын зүгээс энэхүү талбайг ашиглан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил дээрх байгууллагын удирдлагуудтай уулзан, харилцан санал солилцсоны үндсэн дээр тэд ийнхүү нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү ажилд хамтран ажиллаж байгаа аж. Энэ ажилд “Тод Ундарга”, “Баян талын өв”, “Уулс ноён”, “Рэдхил Монголия”, “Ди Зэт Энд Ай” компаниуд машин техникээр, “Дархан төмөрлөг”, “Шар нарст”, “Мон Тэнгэр”, “Оюу Майнинг” компаниуд хоол хүнс, шатахууны туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа гэнэ. Харин Сүхбаатар сум ажилчдын хоол, ундыг бэлтгэхэд зориулан гэр барьжээ. Мөн энэхүү ажилд “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.


Холбоотой мэдээ